Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор Хөнгөлөлттэй олгож буй эмийн журамтай холбоотой мэдээлэлтэй танилцлаа.
Энэ үеэр Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөл(ЭМДҮЗ)-ийн талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Цаашдаа эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг нэмэгдүүлээд явах уу.
ЭМДҮЗ-ийн гишүүд ямар журам, шалтгаанаар ажилладаг вэ. Зөвлөлийн гишүүд ямар урамшуулал авдаг вэ?
Түүний асуултад Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Эрүүл мэндийн салбар 2021 оноос эхэлж гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн. ЭМДҮЗ-ийн тогтоолтой уялдуулж тарифын өөрчлөлтийг хийдэг.
Хөнгөлөлттэй эмийн үнийн тарифыг жил бүр нэмж байна. Гэхдээ байнга нэмээд бай гэсэн үг биш. Өнөөгийн нөхцөл байдалд хөнгөлөлттэй эмийн олгож буй тоо нэмэгдэж байгаа. Энэ нь нийгэмд архаг суурь өвчлөл өндөр байна гэсэн үг.
Тус зөвлөлийн гишүүд хуралд сууснаар тодорхой хэмжээний урамшуулал авдаг. Би ажиллаж байх үедээ цалингийн доод хэмжээтэй дүйцэхүйц урамшуулал авч байсан" гэлээ.
Мөн ЭМДҮЗ-ийн 2018, 2020, 2022 дэд дарга, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл "Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийн хэмжээ хоёр их наяд төгрөгт дөхөж байгаа. ЭМДҮЗ-ийн гишүүдийн урамшууллыг УИХ эргэж харах нь зүйтэй.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гишүүдэд улиралд нэг удаа урамшуулал өгч байгаа. 320 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй байхад сард 100 мянган төгрөг ногдож байсан.
Бид ийм л урамшуулал авч ажиллаж байсан. Гэхдээ хариуцлагын түвшинд урамшууллаа нэмээрэй. Үүнийг авч үзэх ёстой асуудал. Би ЭМДҮЗ-д одоо ажиллахгүй байгаа" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!