- Эдийн засгаа ногооруулах, ногоон шилжилт хийхийн тулд Монгол Улс юунд анхаарах ёстой вэ? Хамгийн түрүүнд аль салбаруудад шилжилт хийх шаардлагатай вэ?
Эрдэмтэд аж үйлдвэрлэлийн эрчимтэй өсөлт нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын гол шалтгаан хэмээн тодорхойлж, энэ хэвээр байвал үүнээс үүдэх эдийн засгийн хохирол нь 2050 он гэхэд ойролцоогоор дэлхийн нийт ДНБ-ий 20 орчим хүртэлх хувьтай тэнцэнэ хэмээн мэдэгдсэн билээ. Тиймээс улс орнууд байгаль орчны эрсдэл, экологийн доройтлыг багасгахын зэрэгцээ хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэн, нүүрсхүчлийн хий бага ялгаруулахад чиглэсэн ногоон эдийн засгийг бий болгоход анхаарч байна.
Монгол Улсын улсын хувьд хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн тэргүүлэх чиглэлд Ногоон хөгжил, хөрөнгө оруулалтын асуудлыг хэмээн тусгаж, ногоон шилжилт хийхэд чиглэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Жишээлбэл, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод байгальд ээлтэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлж хэрэглээ, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, байгалийн нөөцийг хэмнэх; усны нөөцийн хомсдолоос сэргийлэх; нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг дэвшүүлсэн.
Манай улсын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтын үнэмлэхүй хувь хэмжээ бага боловч, нэг хүнд ногдох хувь хэмжээгээр дэлхийн дунджаас дээгүүр байдаг ордог төдийгүй газар зүйн байрлал, аж ахуй эрхлэх арга, амьдралын хэв загвар зэргээс хамааран уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс үндэстний нэг гэж тооцогддог.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа нь агаарын дундаж хэм нэмэгдэх, хүйтэн өдрүүдийн тоо буурч, хуурайшилт нэмэгдэх зэргээр цаг агаарын хэв шинж өөрчлөгдөх байдлаар илэрч байна. Энэ нь байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх эрсдэлийг бий болгож, уламжлалт хөдөө аж ахуй төдийгүй хот, суурин газрын иргэдийн амьдрал, аж ахуйд бодит хохирлыг бий болгож байна. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2009-2019 оны хооронд 1.6 их наяд төгрөгийн эдийн засгийн шууд хохиролтой учирсан гэх тооцоо бий.
Парисын хэлэлцээр 2020 оноос эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улс хүлэмжийн хийн ялгаралтыг 2030 он гэхэд 22.7 хувиар ахиулах зорилт тодорхойлж, Засгийн газрын 2019 оны 407 дугаар тогтоолоор “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт” -ыг батлуулан хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын баримт бичгээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах 6 салбар, түүнд дасан зохицох 8 салбарыг тодорхойлсон.
Манай улс хүлэмжийн хийн ялгарлыг эдийн засгийн бүх салбаруудаар 1990 оноос эхлэн тооцож, 2020 оны байдлаар нийт хүлэмжийн хийн ялгарлын 52 хувийг хөдөө аж ахуй, 45 хувийг эрчим хүчний салбар бүрдүүлж байна.
Иймд, Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтоор тодорхойлсон салбаруудад шилжилт хийх ба нэн тэргүүнд ялгаруулалт өндөртэй хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт ногоон шилжилт хийж, сөрөг нөлөөг бууруулах, өөрчлөлтөд дасан зохицох бодлого баримтлахаас гадна үндэсний гамшгийн бэлэн байдлыг сайжруулж, энэ салбарын аюулаас урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулах шаардлагатай.
- Манай орны эрчим хүчний салбар бие даасан бус, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаггүй гэх мэт хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буй. Энэ цаг үед нүүрсийг бүрэн халж, цэвэр эрчим хүчний шилжилт хийхийг дэлхий нийтээр зорьж байна. Монгол Улсын хувьд энэ шилжилт хэр бодитой вэ?
Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 81 хувь, үйлдвэрлэлийн 91 хувийг дулааны цахилгаан станц бүрдүүлж, ихэнх дулааны цахилгаан станцуудын насжилт хэтэрсэн, алдагдал ихтэй, дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа.
Харин нөгөө талдаа нар, салхины арвин нөөцтэй баялагтай буюу сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бололцоотой хэдий ч ердөө нийт үйлдвэрлэлийн 9.1 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлж байна. Урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хангах, агаарын бохирдол, эрчим хүчний салбараас ялгарч буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бидэнд байсаар байна.
Гэсэн хэдий ч салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, эдийн засгийн бие даасан салбар болгохгүйгээр шинэ эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх зорилт бодитоор хэрэгжихэд хүндрэлтэй байна.
Иймд, эрчим хүчний салбарт олон жил яригдаж буй үнэ, тарифын асуудал, эрчим хүчний хөрөнгө оруулалт татахад үүсдэг бэрхшээлүүд, гэрээний асуудлуудыг шийдэх нь нэн тэргүүний асуудал болоод байна.
Дотоодын нөөц баялагт түшиглэж, эрчим хүчний шилжилт хийснээр салбарын өнөөгийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээс гадна урт хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
- Ногоон байгууламжтай, нийтийн амрах талбайтай бол ногоон барилга гэдэг ойлголт олон нийтийн дунд түгээмэл байдаг. Энэ нь зөв ойлголт уу? Ногоон барилга гэдэгт юуг ойлгох вэ? Яагаад ногоон байх шаардлагатай вэ?
Сүүлийн үеийн нийтийн орон сууц, хотхонууд гадна талбайн хэсгийг хүрээлэн буй орчныг сайжруулах, хотын гадаад үзэмжийг сайжруулах, оршин суугчдын амрах, ая тухтай байдлыг хангах үүднээс тухайн хүрээллийн газрыг ногоон байгууламжаар тохижуулах буюу мод тарих, зүлэгжүүлсэн байдаг ба үүнийг хүмүүс ногоон барилга гэж эндүүрдэг тал бий.
Ногоон байгууламж, ногоон барилга хоёр нь хоорондоо ялгаатай ба ногоон байгууламж гэдэг нь хүрээлэн буй орчин, түүний үзэмжийг сайжруулах, байгалийн нөхцөлд иргэдийн нийтээр амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлэхийг хэлдэг бол ногоон барилга гэдэг нь эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй гээд өргөн хүрээний асуудлыг хамарсан ойлголт.
Энэ нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй материал ашигласан, дулааны алдагдал хамгийн бага байх хийцтэй, агаарт ялгаруулах хүлэмжийн хий багатай халаалтын шийдэлтэй, эрчим хүч, нөөцийн хэмнэлт үр ашигтай, хур тунадасны усыг хуримтлуулж ашиглах, хаягдал бохир усаа цэвэрлэж зайлуулах технологи бүхий, тав тухтай орчныг бүрдүүлсэн барилга байгууламжийг хэлнэ.
Ногоон барилга өргөжсөнөөр эрчим хүч, ус, бусад хязгаарлагдмал байгалийн нөөц баялгийг үр ашигтай ашигласнаар оршин суугчид, эзэмшигчид эдийн засгийн хэмнэлт гаргахаас гадна хог хаягдал, орчны бохирдол, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулдгаараа байгаль орчинд ээлтэй, эко орчин бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэхээс гадна хот суурин газрын гамшгийн үеийн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.
- Ногоон санхүүжилтийн өнөөгийн орчин нөхцөл ямар байгаа вэ? Цаашид энэ чиглэлийн санхүүжилтийн урсгал, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар бодлого баримтлах вэ?
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2 жилийн өмнө “Ногоон санхүүжилтийн үндэсний замын зураг”-ийг баталсан байдаг. 2030 он гэхэд ногоон зээлийн багцын нийт зээлд эзлэх хувийг 10 хувьд хүргэх зорилт тавьсан нь өнөөгийн ногоон зээлийн хамгийн том зорилт болоод байна. Харин энэ 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт зээлийн 2.9 хувь нь ногоон зээл байгаа нь тус зорилтыг хангахын тулд цаашид буюу 2030 он хүртэлх хугацаанд ногоон зээлийн нийт зээлд эзлэх хувийг ойролцоогоор дөрөв дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг.
Мөн тус зөвлөлөөс 2019 онд ногоон таксономийг баталсан. Энэхүү таксономи нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал, тодорхойлолт, шалгуур үзүүлэлт бөгөөд банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчид энэхүү таксономийг ногоон зээл, ногоон хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлохдоо ашигладаг. Бизнесийн бүхий л салбарыг хамаарах энэхүү шалгуур үзүүлэлт ногоон санхүүжилтийн орчин нөхцөлийг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулсан.
Түүнээс хойш ногоон таксономийг хэрэглээний зээл, байгууллагын санхүүжилт, төслийн санхүүжилт, жижиг дунд бизнесийн санхүүжилт, ногоон бонд, хувьцаа, даатгал, зээлийн баталгаа, тусламж, санхүүгийн зөвлөгөө өгөх болон техникийн туслах үйлчилгээ зэрэг олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хэрэгслүүдэд суурь үзүүлэлт, тавих шаардлага болгон ашиглаж байна.
Тус таксономийг үйл ажиллагаанд нэвтрүүлснээр ногоон зээлээ бүртгэн, салбарын хэмжээнд нэгдсэн тайлан боловсруулж, хувийн хэвшлээс оруулж буй ногоон зээлийн урсгалыг хэмждэг болсон юм. Түүнчлэн ногоон таксономи дахь ангилал, үйл ажиллагааны дагуу анхны ногоон бонд, даатгалын бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын сангууд бий болсон байна. Үүний тод жишээ нь, 2023 онд Монголын анхны ногоон бондыг хаан банк гаргаж, нийт $60 саяын санхүүжилт татсан амжилттай байна.
2023 онд манай улсын тогтвортой хөгжлийн зорилгод оруулах аливаа санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалын хувь нэмрийг бүртгэх, тайлагнах зорилгоор Тогтвортой хөгжлийн зорилгын Санхүүжилтийн таксономи батлагдсан. Тус таксономи нь төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэр татах, Тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжих зах зээлийн шинэ боломжуудыг нээх давуу талтай. Ногоон санхүүжилтийн таксономиос ялгаатай нь нийгмийн салбаруудыг багтааж, энэ чиглэлийн зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, томоохон хөрөнгө оруулалт болон төрөл бүрийн бондын санхүүжилтийг Тогтвортой хөгжлийн зорилгод уялдуулан тодорхойлох боломжийг олгосон юм.
Ногоон болон Тогтвортой хөгжлийн зорилгын санхүүжилтийн таксономиор санхүүжилтийн урсгалыг чиглүүлж буй хэдий ч төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны ногоон стандарт хангалтгүй байгаа нь хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахад сул тал болж байна.
Мөн ногоон санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж буй томоохон санаачилга бол Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр, түүнийг санхүүжүүлэхэд чиглэсэн Байгаль хамгааллын итгэлцлийн сан юм.
- Байгаль хамгааллын итгэлцлийн сан ямар зорилготойгоор үйл ажиллагаа явуулах вэ? Ямар эерэг үр дүн гарах хүлээлттэй байгаа вэ?
Байгаль хамгааллын итгэлцлийн сан гэдэг бол урт хугацааны байгаль хамгаалах зорилгод хүрэхийн тулд бие даасан, хууль ёсны дагуу байгуулагдсан санхүүжилтийн систем бөгөөд Дэ Нэйче Консерванси олон улсын байгууллагын “Өнө мөнхийн дэлхий” түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй санаачилга юм.
“Өнө мөнхийн дэлхий” түншлэл 6 улсад амжилттай хэрэгжсэн бөгөөд жишээ дурдвал, Перу улсад 17 сая га талбайг хамгаалахад туслалцаа үзүүлсэн бөгөөд төслийн эхний 2 жилийн хугацаанд байгалиа хамгаалах менежмент нь “маш сайн” түвшинд хүрсэн байна. Үүнээс гадна Канад улсад Их баавгайн ширэнгэн ой төслийг хэрэгжүүлж, уугуул иргэдийн газар нутгийг хамгаалахад тусалсан ба бүс нутгийн эдийн засгийн хөгжилд тогтвортой санхүүжилт бий болгосон байна.
Олон улсад байгаль хамгаалах итгэлцлийн сангууд сүүлийн 20 жилийн хугацаанд олон улсад хурдацтай хөгжиж буй бөгөөд нийт 108 итгэлцлийн сан байгуулагдаж, тэдгээрийн 60 гаруй нь тогтворжиж, цаг хугацааны явцад бэхжиж, 2 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг удирдаж байгаа сайн туршлага байна.
Монгол Улсын хувьд, 2022 онд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-аар итгэлцлийн сан байгуулах чиглэлээр төр, хувийн хэвшил хамтран ажиллах зөвлөмж гарсан байдаг.
Энэ хүрээнд холбогдох талууд идэвхтэй хамтран ажилласны дүнд Монгол Улсад байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран “Монголын байгалийн өв сан” байгаль хамгааллын итгэлцлийн санг өнгөрсөн гуравдугаар сард байгуулаад байна. Тус сан АНУ-д бүртгэлтэй хэдий ч Монгол Улс дахь Төлөөлөгчийн газраараа дамжуулан хэрэгжүүлэх юм.
Санг олон улсын шилдэг туршлага, бие даасан, хараат буй байх зарчмыг мөрдлөг болгон байгуулсан ба одоогийн байдлаар Төлөөлөн удирдах зөвлөлөө төрийн болон төрийн бус, хувийн хэвшил, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулаад байна.
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2 удаагийн хурлаар Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хүрээг хэрэгжүүлэх гэрээ, Үйл ажиллагааны гарын авлага, Төлөөллийн эрхийн бодлого, гишүүдийн томилогдох хугацаа болон сангийн дүрэм зэргийг хэлэлцэн баталж, цаашид сангийн тогтвортой үйл ажиллагааг хангах удирдлага, зохион байгуулалтыг тогтворжуулахаар идэвхтэй ажиллаж байна.
Сан Монголын байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг санхүүжүүлэх, бусад хэлбэрээр дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах бөгөөд 15 жилийн хугацаанд 198 сая ам.долларын санхүүжилтийг бүрдүүлж, байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах бөгөөд тэр дундаа 71 сая ам.долларыг хандивлагчдаас, 126.8 сая ам.долларыг тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглан улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх зорилттой.
Байгаль хамгааллын итгэлцлийн сан байгуулсны үр дүнд байгалийн баялгийн нөөц, экосистемийн үйлчилгээний үнэ цэн, даацыг тогтоож, үнэлгээг шинэчлэх, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эх зэрэг онцлог экосистемийг тусгай хамгаалалтад авснаар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан 2030 он гэхэд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувийг 30 хувьд, улсын тусгай хамгаалалтад авсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн талбайн эзлэх хувийг 60 хувьд хүргэх зорилтыг хангах ач холбогдолтой юм. Мөн 2040 он гэхэд биологийн олон янз байдлын хувьд үнэ цэнтэй нийт 34 сая га газарт нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлж, тогтвортой амьжиргааг дэмжих зэргээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангахад бодитой хувь нэмэр үзүүлэх хүлээлттэй байна.
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгож, зохистой удирдах нь зөвхөн байгаль хамгаалал төдийгүй манай улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг дэмжих, цаашлаад Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах чухал ач холбогдолтой.
- Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? Цаашид урт хугацааны зорилтууд, олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх амлалт өгсөн цагаас хойш багагүй хүчин чармайлт гаргаж, “төрийн нэгдмэл бодлого, зохицуулалттай байх”, “олон нийтийн оролцоог хангасан цогц байх” зарчмыг баримтлан, үндэсний хөгжлийн төлөвлөлтийн үйл явцаараа дамжуулан бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Үндэсний сайн дурын хоёр дахь илтгэлээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулганд амжилттай танилцуулсан бөгөөд энэхүү илтгэлээр Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээ үнэлж, тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлсон.
Дэлхийн Тогтвортой хөгжлийн 17 зорилгоос Монгол Улсад хамааралтай 16 зорилт байдаг. Тэдгээрээс 15 нь тодорхой түвшний ахицтай байгаа бол Ядуурлыг бууруулах зорилгын хувьд 2014 оны суурь түвшинтэй харьцуулахад өссөн байгаа нь энэ чиглэлийн арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна. Гэхдээ энэ нь дэлхийн нийт улс орнуудад цар тахал болон геополитикийн асуудлаас үүдэлтэйгээр нийтлэг тохиолдож байгаа асуудал юм.
Хэрэгжилтийн үнэлгээг зорилтын түвшинд авч үзвэл, 2030 онд зорьсон түвшиндээ хүрэхийн тулд нийт тодорхойлсон зорилтын 27.6 хувийн одоогийн хэрэгжилтийн ахицыг хадгалах, 54.5 хувийн хэрэгжилтийг нэн даруй эрчимжүүлэх, харин 17.2 хувьд нь онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм.
Үндэсний сайн дурын хоёр дахь илтгэлийн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд бид хөгжлийн бодлогын уялдааны шинжилгээ, олон улсад баримталж буй дэлхий дахины санаачилгыг судлан үзэж, манай улс цаашид Тогтвортой хөгжлийн зорилгын урт хугацааны зорилтыг хангахад Үндэсний үүрэг амлалт буюу 2030 он хүртэл хэрэгжилтийг хурдасгах тэргүүлэх чиглэлийг олон талын оролцоог ханган тодорхойлсон.
Эдгээр тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд тогтвортой хөгжилд хүрэх арга замыг тодорхойлж, замын зураглалыг боловсруулахаар ажиллаж буй бөгөөд салбар бүрийн урт хугацааны тогтвортой хөгжил гэж юуг хэлэх, цаашид ямар арга замаар тэдгээр зорилтод хүрэхийг тодорхойлохоос гадна цаашид энэ чиглэлийн төсөл, арга хэмжээг дунд, богино хугацааны бодлого, төлөвлөгөөнд уялдуулан, тусган хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
- Тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар бодлого баримтлах вэ?
Энэ чиглэлээр хэд хэдэн санаачилга өрнөж буйн нэг нь өмнө дурдсан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгах тэргүүлэх чиглэл юм. Эдгээр нь хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл байх бөгөөд илүү Тогтвортой хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг үр ашигтай, зохион байгууллагатайгаар зарцуулах зорилготой.
Харин Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг татах, хөгжлийн бодлоготойгоо уялдуулах чиглэлээр олон улсын жишиг санаачилга болох Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратегийг шийдвэр гаргах түвшинд дэмжин ажиллаж байна.
Энэхүү стратеги нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд болон Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд чухал дэмжлэг болох ба санхүүжилтийн эх үүсвэрийг үр дүнтэй ашиглах, санхүүгийн шинэ урсгал, ялангуяа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдаас татах санхүүжилтийг нэмэгдүүлэх, төрийн төлөвлөлт болон төсөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах, одоогийн санхүүжилтийн эх үүсвэрийг Тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулах мөн түүнчлэн хувийн хэвшлийн санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн стратегийг улам боловсронгуй болгох замаар нэмэгдүүлэх зэрэг олон чухал ажлууд энэхүү стратегийн хүрээнд хийгдэх юм.
Мөн өмнө дурдсан Тогтвортой хөгжлийн зорилгын таксономийг үр дүнтэй ашиглах, цаашид ач холбогдлыг нэмэгдүүлэх ажлууд энэхүү стратегид тусгагдах юм.
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|