Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдүүд туршилт хийж байж байгалийн ухааны хичээлд дуртай болдог ч төрийн өмчийн 10 сургуулийн хоёр нь л алдаг оног лабораторитой"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Ерөнхий Боловсролын Сургууль(ЕБС)-ийн сургалтын хэрэглэгдэхүүний менежментийн платформ хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Тодруулбал ЕБС-ийн математик, хими, физик, биологи гэсэн дөрвөн хичээлийг заахад ашиглагдаж байгаа кабинет, лабораторийг үндэсний хэмжээнд бүртгэн авч, хаана нь юу хэрэгтэй байгаа, хэрхэн яаж ашиглаж байгаа зэрэг судалгааг гаргаж MLAB 1.0 платформыг хөгжүүлжээ. 

Сургууль дээр ашиглагдаж байгаа кабинет, лаборатори дээр юу хэрэгцээтэй байгааг төлөвлөж чаддаггүй учир нэгдсэн платформд суурилсан дараах хэрэгцээний судалгааг бий болгосон байна. 

  • Байгаа тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүнээ багш нар яг зөв ашиглаж чадаж байгаа эсэх 
  • Сургууль дээр ямар тоног төхөөрөмжүүд эвдэрсэн, ашиглалтгүй байж байгаа
  • Хугацаа нь дууссан хаяг шошгогүй ямар бодисууд байна
  • Худалдаж авсан эх үүсвэр нь юу юм бэ гэх зэрэг бүхий л бүртгэл, судалгааг уг систем дээр бүртгэж авсан байна. 

Уг бүртгэлийн үр дүнд сургууль болон орон нутгийн удирдлагууд сургууль дээр ямар төрлийн багаж төхөөрөмжүүд, сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг байгаа, хэрхэн сайжруулах хэрэгтэй зэрэг мэдээ мэдээллээ хараад тэр чиглэлээр менежментээ зөв хийх юм гэдгийг албаныхан онцолж байв. 

Түүнчлэн тус хичээлүүдийн кабинет, лабораториудад яг ямар багаж төхөөрөмжүүд байх ёстой, түүнийг хэрхэн ашиглах зэрэг гарын авлагуудыг цахим хэлбэрээр гаргажээ.  

Боловсролын Ерөнхий Газрын Дарга Т.Ням-Очир "Сургууль болгонд энд тэндээс бэлэглэсэн, төсөл хөтөлбөрөөр орж ирсэн зэрэг лабораторийн янз янзын хэрэглэгдэхүүнүүд байдаг ч тэр нь сургалтын хөтөлбөртэйгөө нийцэхгүй байх, лабораторитой мөртлөө яаж ашиглахаа мэдэхгүй байгаа дөнгөж төгссөн багш нар зэрэг янз бүрийн асуудал байна. 

Жишээлбэл Сүхбаатар аймаг, аймгийн төв дээрээ дөрвөн ЕБС-тай. Зарим сургууль нь физикийн иж бүрэн кабинеттай зарим нь байхгүй. Иймд уг бүртгэл мэдээллийн дагуу сургуулиуд кабинет, лабораторио дундаа ашиглаж болохоор зохицуулалтуудыг хийсэн. 

Гаднаас хяналт ирэхээр нэг кабинет, багшийнхаа юмыг зөөж авчирч тавиад болзлоо хангадаг байсан үе саяхан шүү дээ. Одоо бол бүгд нэгдсэн бүртгэлийн системтэй болж байна" гэв. 

"Хүүхэд туршилт хийж байж л байгалийн ухааны хичээлд дуртай болдог" 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Хүүхэд туршилт хийж байж л байгалийн ухааны хичээлд дуртай болдог. Харамсалтай нь манай улсын ЕБС-уудын 10 сургуулийн хоёр нь л алдаг оног байгалийн ухааны лабораторитой байна. Боловсролын тэгш бус байдал үүгээр илэрч байгаа юм. 

Нөгөө талаас төрийн өмчийн сургуулиудын агуулахад тооллого хийхэд агуулахад нь тоног төхөөрөмж байдаг ч тэрийгээ ашигладаггүй, багшийнхаа хөгжлийн асуудлыг шийдэж чаддаггүй зовлон байсан. Уг асуудлыг энэ платформоор шийдэх боломж нээгдэж байна.

Бага ангийн байгалийн ухааны тоног төхөөрөмжүүд гэж нийлүүлж байсан ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл сургалтдаа ашиглаж чадахгүй багшийн шүүгээнд цоожтой хэвтэж байдаг жишээтэй ядуугийн биш баяны зовлон байна. Иймд сэтгэлгээний өөрчлөлт хийж, өдөр тутмын хичээл сургуульдаа ашиглах хэрэгтэй" гэв.