Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эд хөрөнгө болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сумдад хийдэг болно

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сумдад эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах, нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах зорилготой төслийн нээлт өнөөдөр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар /УБЕГ/-т боллоо. 

Уг төсөл нь 2023 оны арванхоёрдугаар сараас 2025 оны арванхоёрдугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд Азийн Хөгжлийн Банкны Техникийн туслалцааны Тусгай сангийн буцалтгүй тусламжаар санхүүжиж байгаа юм байна. 

Төслийн хүрээнд улсын бүртгэлийн системийн технологийн болон цахим шийдлийг сайжруулж, чадавхыг бэхжүүлснээр 200 гаруй сум, 500,000 гаруй хүн ашиг шимийг нь хүртэх юм байна. 

Улсын бүртгэлийн байгууллага нь өнөөдрийн байдлаар 112 төрлийн үйлчилгээг нийслэлд 28 нэгжээс орон нутагт 21 аймаг, 330 сум, 22 тосгоноос иргэн, хуулийн этгээдэд бүртгэлийн үйлчилгээг үзүүлдэг аж. 

УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.Ариунболд "5, 6 жилийн өмнө л бид дийлэнх бүртгэлийг биечилж хийдэг, хийсэн бүртгэлээ зөөврөөр зөөж аймгийн төвдөө хүргүүлдэг байлаа. Түүнийгээ дагаад хийсэн бүртгэлийн мэдээллийн аюулгүй байдал эрсдэл өндөртэй байдаг, цаг хугацааны хувьд ч иргэдэд их хүндрэл чирэгдэл үүсгэдэг байсан. Одоо бол улсын бүртгэлийг харьяалал харгалзахгүйгээр онлайнаар хийж байна. 

Төрийн үйлчилгээний 55-70 хувийг бүртгэлийн байгууллагын үйлчилгээ эзэлж байдаг. Уг төслийн хүрээнд эд хөрөнгө болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийг анхан шатны нэгж буюу сумдад хүргэхээр зорьж байна. 

Ингэснээр бүртгэлийн нэгдсэн сүлжээ болон цахим архивтай болж төвлөрлийг сааруулах юм" гэв. 

Улсын хэмжээнд:

Эд хөрөнгийн 1,315,000 орчим бүртгэл бүртгэгдсэнээс орон нутагт 620,000 орчим нь бүртгэгджээ. 

Хуулийн этгээдийн бүртгэл 220,000 орчим бүртгэгдсэнээс орон нутагт 57,185 нь бүртгэгджээ.

Саяхан л бид 100 айл дээр гадаад паспортын бүртгэлийг авдаг байсан бол дүүрэг, аймаг, зарим сум руу шилжүүлсэн. Иргэдийн тавих шаардлагатай хөл нийлүүлж ажиллахын тулд цахимжих шаардлагатай болж байгаа юм гэдгийг төслийн багийнхан онцолж байв.