Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

ЭТТ 1072 хувьцаатай холбоотой АСУУЛТ, ХАРИУЛТ

ikon.mn
2024 оны 4 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас 2023 оны хувьцааны ногдол ашиг болох 256,000 төгрөгийг өнөөдрөөс (2024/04/04-ний өдөр) хувьцаа эзэмшигч иргэдийн арилжааны банкны дансанд олгож эхэллээ. 1072 хувьцааны талаар иргэд, олон нийтийн дунд мэдээлэл дутмаг, зөрүүтэй ойлголтууд байгаа нь ногдол ашиг олгох болон хувьцааг бүртгэх ажлуудад зарим талаар хүндрэл учруулж байна.

Мэргэжлийн байгууллагын зүгээс иргэдээс ирдэг түгээмэл асуултуудад хариулж, мэдээлэл хүргэе.

1. Хувьцаа орсон уу?

Иргэд сүүлийн үед бие биеэсээ, брокероосоо ийм асуултыг их асууж байна. Уг нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашиг орсон уу? гэж асууж байгаа юм. Та үнэт цаасны данс нээлгэснээр таны дансанд Төрөөс Танд үнэгүй олгосон ЭТТ 1072ш х 933₮ = 1 сая төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаа тань байршиж, таны нэр дээр баталгаажиж байгаа хэрэг юм. Харин ногдол ашгийн хувьд үнэт цаасны данстайгаа холбосон банкны данс руу тань орно. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд ашигтай ажилласан жилүүддээ буюу нийт 3 удаа хувьцаандаа ногдол ашиг тараахаар шийдсэн. Энэ удаагийн буюу 3 дахь удаагийн ногдол ашиг болох 2023 оны ногдол ашгийн мөнгийг энэ долоо хоногтоо багтаан олгох талаар мэдээлэл өгөөд байна.

Нэгж хувьцаанд 266₮ (Татварын дараах байдлаар 239.4₮) олгохоор шийдвэрлэсэн. Хэрэв та бүтэн 1072 хувьцаатай бол 239.4₮ х 1072ш = 256,636.8₮-ийн ногдол ашиг авна.

2. Ер нь ногдол ашгийг ямар зарчмаар тараадаг вэ?

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниуд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр (ҮЦТХТөв) дамжуулан ногдол ашгийн мөнгийг хувьцаа эзэмшигчдийнхээ үнэт цаасны данстайгаа холбосон хувьцаа эзэмшигчийн өөрийн нэр дээрх банкны данс руу олгуулдаг.

Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд Монгол Улсын 3.4 сая иргэн хувьцааг нь эзэмшиж байгаа учир ногдол ашгийг богино хугацаанд тараах шаардлага үүсдэг. Өмнө нь 2012 онд ЭТТ 1072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийн дагуу хувьцаатай болсон нийт 2.5 сая гаруй иргэний 500,000 гаруй нь одоог хүртэл үнэт цаасны дансаа нээлгээгүй байдаг, мөн энэ оны 1 дүгээр сард 2012 оноос хойш төрсөн 900,000 гаруй хүүхдэд шинээр 1072 хувьцаа нөхөж эзэмшүүлсэн тул эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь үнэт цаасны данс нээлгэж амжаагүй байгаа.

зураг
 

Иймээс нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийн мөнгийг гар дээр нь шуурхай олгох үүднээс үнэт цаасны дансгүй, эсхүл үнэт цаасны данстай ч тухайн данстайгаа өөрийн нэр дээрх арилжааны банкны дансаа холбуулаагүй иргэдийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болдог. 

2023 оны цэвэр ашгаас олгож буй ногдол ашгийг ҮЦТХТөвөөс тараахдаа эхлээд брокерын компанид нээлгэсэн үнэт цаасны данстайгаа холбосон тухайн хувьцаа эзэмшигчийн өөрийн нэр дээрх банкны зөв данс руу, дараа нь үлдсэн хувьцаа эзэмшигчдэд Төрд бүртгэлтэй бусад данс руу буюу И-баримтад бүртгүүлсэн данс, хүүхэд бол хүүхдийн мөнгө авдаг данс руу шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа мэдэгдсэн.

2023 оны ногдол ашгаас хойших дараа дараагийн жилүүдийн ногдол ашгийн тухайд үнэт цаасны дансгүй иргэд 2024 ондоо багтаж хувьцааны дансаа нээлгээрэй гэдэг шаардлагыг тавих болно гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлээр мөн мэдэгдсэн.

3. Одоо болтол өмнөх ногдол ашиг ороогүй байна. Яах вэ?

Та өмнөх 2020 болон 2022 оны ногдол ашгийн мөнгөө авч чадаагүй байгаа бол нөхөж авах боломжтой. Ногдол ашиг нөхөж олгогдохгүй болно, алга болно гэсэн ойлголт байхгүй. Таны ЭТТ 1072 хувьцаа, ногдол ашгийн мөнгө аль аль нь ҮЦТХТөвд хадгалагдаад байж байдаг.

Овог нэр, регистрээ солиулж байснаас, аль нэг арилжааны банканд дансгүй эсвэл Төрд таны нэр дээрх банкны данс бүртгэгдээгүйгээс, мөн үнэт цаасны данс нээлгэсэн ч тухайн хүний нэр дээрх бус буруу банкны данс холбуулсан зэрэг шалтгаануудын улмаас ногдол ашиг ороогүй байдаг.

ҮЦТХТөвөөс 2022 оны ногдол ашиг нийт 311 тэрбум төгрөг тараахаас 291.2 тэрбум төгрөгийг л хувьцаа эзэмшигчдэд амжилттай олгоод байгаа талаар мэдээлсэн.

Брокер тань танд хэдэн төгрөг аль дансанд орсон, ороогүй бол яагаад ороогүйг, хэрхэн авах боломжтойг тайлбарлаж өгөх ёстой, иргэд зөвхөн ногдол ашиг олгогдох үеэр брокертоо нэгэн зэрэг олноор ханддаг тул яг энэ үеэр ачаалал эрс ихсэж хүн бүрд хүрч үйлчилж чадахгүй болдог.

  • Овог нэр, регистрээ солиулж байсан хүмүүсийн хувьд банкны дансны нэр нь хуучнаараа байх, улсын бүртгэлийн мэдээлэлтэй зөрөх зэрэг олон шалтгаантай байдаг тул хамгийн хялбар арга нь та үнэт цаасны данстай бол данс нээлгэсэн брокерын компанидаа хандаж, данс нээлгээгүй бол үнэт цаасны данс брокерын компанид хандан нээлгүүлж зөвлөгөө аван шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгснөөр ногдол ашгаа нөхөн авах боломжтой.
  • Хэрэв та банкны дансгүй, брокерын компанид үнэт цаасны данс нээлгээгүй бол банкны данс аль нэг арилжааны банканд нээлгээд, дараа нь брокерын компанид үнэт цаасны данс нээлгээд авах боломжтой.
  • Та брокерын компанид үнэт цаасны данс нээлгэж байсан бол өөрийн брокертоо хандан шалтгааныг тодруулах хэрэгтэй.
  • Та банкны данстай ч брокерын компанид данс нээлгэж байгаагүй бол брокерын компанид үнэт цаасны данс нээлгээд авах боломжтой.

Гэхдээ ҮЦТХТөвөөс таны брокерын компанид өгсөн банкны зөв дансыг шалгах, мэдээлэл өөрчлөлт бүртгэгдэх гээд олон ажилбарууд явагдсаны дараагаар ногдол ашгийн мөнгийг таны банкны данс руу шилжүүлдэг тул тодорхой хугацаанд хүлээх хэрэгтэйг анхаарна уу.

4. Яагаад заавал хувьцааны данс нээлгэх ёстой гээд байгаа вэ? Ногдол ашгаа одоогийнх шигээ олгоод явбал яах вэ?

ЭТТ 1072 хувьцаа нь таны өмч хөрөнгө юм. Хөрөнгө мөн юм л бол хаа нэгтээ таны нэр дээр бүртгэгдэж, таны нэр дээр баталгаажуулах шаардлагатай. Та авто машинаа Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлээд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байдаг шиг, үл хөдлөх хөрөнгөө Улсын бүртгэлд бүртгүүлдэгтэй адил ЭТТ 1072 хувьцаагаа ч мөн нэр дээрээ бүртгүүлж баталгаажуулах шаардлагатай юм. Хувьцааны хувьд энэхүү бүртгэлийн ажлыг брокерын компанид нээлгэсэн үнэт цаасны дансны мэдээллийг үндэслэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” (ҮЦТХТөв) Төрийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэдэг.

Тэгвэл таны 1072 хувьцаа гэдэг өмч ямар үнэтэй вэ гэсэн асуулт гарч ирнэ. 2012 оны Монгол Улсын Засгийн газрын 181 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933₮-өөр тогтоож байсан. Одоо дахин үнэлгээ хийвэл өссөн байх боломжтой. 1072 хувьцаатай иргэн та үнэт цаасны данс нээлгэснээр 933*1072=1,000,176 буюу 1 сая гаруй төгрөгийн үнэ бүхий хөрөнгөө нэр дээрээ баталгаажуулж буй хэрэг юм. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа бирж дээр нээлттэй арилжаалагддаг болмогц тухайн хувьцааг худалдах, худалдан авах, шилжүүлэх, өв залгамжлан авах үйлчилгээг энэ дансаараа дамжуулан авах юм.

Хувьцаа нь хүний өмч хөрөнгө юм бол түүнийгээ зардаг, бэлэглэдэг, өвлөдөг болох үед шаардлагатай бүртгэл, шилжүүлгүүд мөн л үнэт цаасны дансаар дамжин явах журам зохицуулалтай.

ЭТТ 1072 хувьцаа иргэдэд олгогдсоноос хойш 12 жил өнгөрсөн ч хувьцаа эзэмшигчдийн бүртгэл бүрэн болоогүй буюу хувьцаа эзэмшигч иргэд бүгд үнэт цаасны дансаа нээлгээгүй байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй хувьцаат компани болох, гадаад дотоодын бирж дээр хувьцаа нь арилжигддаг болох, иргэд хувьцаагаа зарах, нэмж авах, захиран зарцуулах боломжтой болох гэх мэт дараагийн шатны ажлуудад сөргөөр нөлөөлж байгаа юм.

5. Миний хувьцааны тоо буруу байна, би хувьцаагаа суутгуулаагүй, хаана хандах вэ?

2012 онд ахмадуудад насны хишигт, оюутнуудад сургалтын төлбөрт, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд, 2016 онд сайн хувьцаа хөтөлбөрөөр зарим иргэд 300ш хувьцаагаа нэрлэсэн үнэ буюу 933₮-өөр Засгийн газарт эргүүлэн худалдсан байдаг. Эдгээрт хэрхэн хамрагдсанаас шалтгаалан иргэдийн хувьцааны тоо ширхэг өөр өөр болсон байдаг. Та нарийвчлан шалгуулах бол ҮЦТХТөвд хандаж тодруулах нь зүйтэй.

6. Нас барсан хүний хувьд яах вэ?

Аливаа хувьцаат компанийн хувьцааг эзэмшигч нас барсан тохиолдолд өв залгамжлагч нь брокерын компанид хандан өв залгамжлал хийлгэн хувьцааг нь авах боломжтой.

ЭТТ 1072 хувьцааны хувьд хувьцаа эзэмшигч нь нас барсан тохиолдолд одоогоор өв залгамжлан авах боломжгүй байна. УИХ, ЗГ-аас холбогдох тогтоол шийдвэр гарч “Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй хувьцаат компани болсны дараагаар өв залгамжлан авах боломжтой болох юм.

Нас барсан хүний хувьд ногдол ашиг нь ҮЦТХөвд хадгалагдаж байгаа, цаашид хэрхэх талаар УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх тухай ҮЦТХТөвөөс мэдээлэл өгсөн байна.

7. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай аж ахуйн нэгжүүд яах вэ? Ногдол ашиг олгогдох уу?

Хувьцаа эзэмшигч тул мэдээж олгогдоно. Үнэт цаасны данстай бол брокертоо хандаж компанийн нэр дээрх банкны данс руугаа авах боломжтой. Үнэт цаасны дансгүй бол брокерт хандан данс нээлгээд авах боломжтой.

8. Данс нээлгэхдээ аль брокерын компанийг сонгох вэ?

Монгол Улсад 50 брокерын компани Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь өөр өөрийн үйлчилгээний онцлог болон давуу талуудтай байх ба түүнийгээ дагаад үйлчилгээний үнэ хөлс нь өөр өөр байдаг. Сүүлийн жилүүдэд брокерын үйлчилгээнд цахим шийдлүүд эрчимтэй нэвтэрч, энэ хэрэглэгч заавал биеэр очилгүйгээр зайнаас олон төрлийн үйлчилгээг авах, үүнийгээ дагаад зарим үйлчилгээнд үнэ, өртөг буурах хандлагатай байна.

Та өөрт хамгийн ойрын, өөрт нийцсэн брокерыг сонгон үйлчлүүлэх нь зүйтэй гэж зөвлөе. Харин орон нутгийн иргэдийн хувьд интернэтийн хүртээмжийн асуудал, дараа нь брокертоо биеэр очин үйлчилгээ авах боломж зэргээ харгалзан үзэж тухайн орон нутагтаа салбартай, итгэл хүлээсэн брокероор үйлчлүүлэх нь зүйтэй болов уу.

Дээр дурдсанчлан “Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй хувьцаат компани болох, гадаад дотоодын бирж дээр хувьцаа нь арилжигддаг болох, иргэд хувьцаагаа зарах, нэмж авах зэрэг ажилбарууд хийгдэх тохиолдолд иргэд брокертоо нэг удаа биеэр очих шаардлага үүсэх тул өөрт ойр байрлах брокерын компанийг сонгон үйлчлүүлсэн нь давуу талтай. Гүүдсек ҮЦК-ийн хувьд 14 аймагт салбараа байгуулан ажиллаж байна.

Та бидэнтэй холбогдож мэдээлэл зөвлөгөө авах бол доорх холбооснуудаас сонгож хандаарай.

зураг
 

ГҮҮДСЕК ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.