Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлын үеэр ипотекийн зээлийн талаар дараах мэдээллийг өглөө.
2024 оны хоёрдугаар сарын байдлаар 1,154 зээлдэгчид 161.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдож, хоёрдугаар сарын эцсийн байдлаар 115,627 зээлдэгчийн 7.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм байна.
Үүнээс Монголын Ипотекийн Корпораци /МИК/-аас шилжсэн зээл 51.3 хувийг бүрдүүлж, 4 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа бол банкуудад байгаа ипотекийн зээлийн үлдэгдэл 48.7 хувийг бүрдүүлж, 3.8 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа аж.
Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "2013 оноос хойш хэрэгжиж байгаа хөнгөлөлттэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд МИК банкнуудаас 6-8 хувийн зээлүүдийг багцалж худалдан аваад үнэт цаасжуулж, эргүүлээд зээл олгосон банканд үнэт цаасаа шилжүүлдэг.
Үнэт цаас гаргах үйл явц нь тодорхой цаг хугацаа шаарддаг. МИК-ийн зүгээс зээлүүдийг нэлээд өндөр шалгуурын хүрээнд шалгаж авдаг учир хоцрогдолтой явдаг. Энэ оны хувьд 500 орчим тэрбум төгрөгийн зээлийг багцалж үнэт цаасжуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 225 тэрбум төгрөгийн зээлийг 1,950 орчим зээлдэгчид олгосон. Зээлийн 42 хувь нь орон нутагт үлдсэн нь Улаанбаатар хотод олгогдсон байна.
Энэ онд Монголбанкнаас 450 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэрийг МИК-аас гаргасан үнэт цаасны эргэн төлөлтөөр буцааж санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа. Арилжааны банкнуудаас 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гарна гэсэн хүлээлттэй байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!