Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг сургаж байгаа зорилтот сургуулиуд тэгш хамруулах боловсролын загвар жишиг болсон”

ikon.mn
2024 оны 3 сарын 25
ikon.mn

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Өвөрхангай, Ховд аймгийн Ерөнхий боловсролын 16 сургуульд “Хүүхэд бүрийг Боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төсөл 2021-2024 онуудад хэрэгжээд дуусаж байна.

Төслийн гурав дахь жилийн үр дүнг танилцуулах, хуримтлуулсан туршлагаа хуваалцах, талуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалт энэ сарын 22-нд Блю-Скай зочид буудлын хурлын танхимд боллоо.

Төслийг Япон улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлсэн бөгөөд зорилтот 16 сургуулийн бага, дунд ангийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ.

зураг
 

Төслийн үр дүнг танилцуулах уулзалтыг нээж БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын Тэгш хамруулах Боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүү дурдахдаа “Та бид маш чухал ажлыг хийж байна. Боловсрол, Шинжлэх Ухааны яам 2023 онд Боловсролын салбарын хууль эрх зүйн орчныг бүхэлд нь шинэчилсэн.

Энэ шинэчлэлээр бүх хүүхэд ерөнхий боловсролыг 12 жилийн турш эзэмших, хүүхэд бүрийн ердийн сургуульд тэгш хамруулан сургах боломжийг баталгаажуулж бие даасан бүлэг заалтууд оруулсан. Энд цугласан сургуулиуд тэгш хамруулах боловсролын жишиг болсон гэж ойлгож болно. Энэ ажилд та бүхний оролцоо хамгийн чухал. Тэгш хамруулах гэдэг бол зөвхөн тусгай хэрэгцээтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох тухай асуудал биш. Ар гэрийн болон ямар нэгэн бэрхшээлээс болоод сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдийн асуудлыг ч бид авч үзэх ёстой юм” гэв.

зураг
 

Японы ХИС-ийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Төслийн үр шимийг шууд болон шууд бусаар 20 мянга гаруй хүнд хүрч чадсан байна. Тодруулбал, тусгай хэрэгцээтэй бага, дунд ангийн 194 сурагч, 6-9 дүгээр ангийн 742 багш, 1624 эцэг эхчүүд төслийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаанд хамрагдаж, шууд дэмжлэг туслалцаа авчээ” хэмээв.

Бид төсөлд хамрагдаж үр шимийг нь хүртсэн зарим багш, сурагч, мэргэжилтнүүдийн сэтгэгдлийг хуваалцъя.

БЗД-ийн 79 дүгээр сургуулийн сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн тэргүүн Х.Мөнхзаяа: Хөгжлийн онцлогтой хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх чадвар нь нэмэгдэж байгаад баяртай байна

зураг
 

-Бид эхлээд хөгжлийн  онцлогтой хүүхдүүдтэйгээ  хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж баталдаг. Тухайн хүүхдүүдэд аль болох сонирхолтой байдлаар арга хэмжээг зохион байгуулах ба  хүүхдийнхээ онцлогт тохирсон, сонирхож байгаа дугуйланд нь явуулдаг. Манай сурагчид сайн дураараа хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд хичээлийн бус цагаар байнга тусалж байдаг.

Манай сургуульд анх 2016 онд хөгжлийн онцлогтой 2 хүүхэд суралцдаг байсан. Одоо бол 72 сурагчтай болсон. Манай сургуульд тулгуур эрхтний бэрхшээлтэй ч биеийн тамирын хичээлд орж, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг багшийн зааврын дагуу хийдэг. Эерэг хандлага түгээж, би бусдад үлгэр дуурайл үзүүлж чадна гэсэн итгэлийг хөгжлийн онцлогтой хүүхдүүд маань ойлгож, нийгмийн өмнө өөрийгөө илэрхийлэх чадвар нь нэмэгдэж байгаад маш их баяртай байдаг.

Баянзүрх дүүргийн 79 дүгээр  сургуулийн захирал У.Дугармаа: Хүүхэд хөгжлийн төвд хамтдаа сурч хөгжих бүрэн боломжтой болсон

зураг
 

-Төслийг хэрэгжүүлснээр манай сургуульд суралцаж буй хөгжлийн онцлогтой 31 хүүхэд албан ёсны оноштой болсон. Бусад нь оношлогдоогүй боловч ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэдэг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдийг эрт оношлох нь нэн чухал. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт сурч байгаа хүүхэд харьцангуй ачаалал багатай.

Ингээд сургуульд ороод ирэхээр ачааллаа дийлэхгүй болж ирэх нь бий. Хүүхэд нэгдүгээр ангиасаа л хоцрогдолд орчихвол цаашид бүр л хүндрэх магадлалтай учраас эрт оношилж ганцаарчилсан хөтөлбөрт хамрагдах нь хүүхдийн ирээдүйд хэрэгтэй.

Багш нар маань ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэж байгаа хүүхдүүдэд хичээлийн бус цагаар Хүүхэд хөгжлийн төвд хамтдаа суралцаж хөгжих боломжтой байгаа. Хэл ярианы, тулгуур эрхтэн, суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцахуйн чадвар эрс сайжирсан. Төсөлд хамрагдсанаар багш болон эцэг, эх, сурагчид  модуль сургалтад их хамрагдлаа.

Өвөрхангай аймгийн БШУГ-ын ахлах мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнэ: Төслийн хүрээнд 1000 гаруй үе тэнгийн сургагч багш, дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй 5 багштай боллоо

зураг
 

-“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төсөл Өвөрхангай аймгийн 2 сургуульд хэрэгжсэн. Зөвхөн энэ хоёр сургуулиар үйл ажиллагаа маань хязгаарлагдахгүй. Өвөрхангай аймагт боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа ЕБС 32 сургууль дээр тэгш хамруулан сургах үзэл хандлага төлөвшихөд ихээхэн хувь нэмрээ оруулсан төсөл байлаа.

Мөн төсөл хэрэгжсэн хоёр сургууль дээр Хүүхэд хөгжлийн 4 танхим бий боллоо. Бид 4-6 удаагийн давтамжтай модуль сургалтад хамрагдсан 18 мастер сургагч багш бэлтгэлээ. Мөн үе тэнгийн сургагч багш, дохионы хэлний анхан шатны 5 багштай боллоо. Энэ нь бидний цаашдын тэгш хамруулах боловсролын үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Өвөрхангай аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол хамрагдалт 86.9 хувьтай байдаг. Энэ тоо бага тоо биш. Өмнөх оныхоос 0.4 орчим хувиар өссөн.

Одоо бид хүнд хэлбэрийн хэвтрийн дэглэмтэй зэрэг онцлогтой хүүхдүүдээ боловсролд хамруулах шаардлагатай байна. Ар гэрийн  амьдралын боломжгүйгээс болж боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд бас анхаарах шаардлага байна. Сум орон нутагт байгаа Насан туршийн Боловсролын төв, гэрээр боловсрол олгох явуулын багшийн үйлчилгээ үзүүлж хичээн ажиллаж байна.   

Ховд аймгийн 7 дугаар дунд сургуулийн захирал Ц.Алтантунгалаг: Сургуулийн болон гадна орчинд хүүхдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэдэг соёл тогтож байна

зураг
 

-Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах нь гэдэг нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах тухай биш ямар нэгэн шалтгааны улмаас боловсролоос хоцроод байгаа хүүхдийг боловсролд тэгш хамруулах тухай юм. Төслийн хүрээнд 1600 гаруй сурагч, 300 гаруй эцэг эх, сургуулийн 115 багш, ажилтан үр шимийг хүртсэн. Төсөл хэрэгжсэнээр багшийн арга зүй маш сайжирсан. Хүүхэд бүрийн онцлогт тохирсон ялгаатай хэрэгцээнд тулгуурласан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой.

Мөн багш нар багаар ажиллах чадварт суурилсан. Сургуулийн болон гадна орчинд хүүхдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэдэг соёл тогтож байна. Сургууль ч гэсэн бодлогын баримт бичигтээ хөгжлийн бэрхшээлтэй болоод ялгаатай хүүхдүүдтэй хэрхэн ажиллах талаар тусгадаг болсон.  Хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах, эерэг зөв харилцах хандлага тогтсон зэрэг олон эерэг зүйл бидэнд үлдсэн байна. Хүүхдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн жишиг  сургууль гэж аймгийнхаа бусад сургуульд туршлагаа хуваалцах боломж бидэнд байна.

Анх манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй, ялгаатай хэрэгцээтэй 13 хүүхэд байлаа. Үүнээс хүнд хэлбэрийн бэрхшээлтэй тэргэнцэртэй 5 хүүхэд байсан. Одоо бол хүнд болон хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 56 хүүхэд суралцаж байна. Үүнээс 17 хүүхэд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр суралцдаг.

Зорилтот сургуулийн хүүхдүүдэд дараах өөрчлөлтүүд гарчээ

зураг
 
зураг
 
зураг
 

Бага ангийн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн 63.3 хувь, багш нарын 85.1 хувь, эцэг эхийн 80.5 хувь нь тусгай хэрэгцээтэй хүүхдийн бага ангиас дунд ангид дэвшин суралцахад бэлтгэл сайн хангагдсан гэж үзжээ. 

Чанарын судалгааны үр дүнгээс харахад эцэг эхчүүд хүүхэдтэй нь хамт суралцдаг тусгай хэрэгцээтэй хүүхдэд хандах хандлага, ойлголт эергээр өөрчлөгдсөн байна. Тэгш хамруулах боловсролын чиглэлээрх сургалтад бага, дунд ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хоёр хүн тутмын нэг нь хамрагджээ. Сургалтад хамрагдсан бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдийн дийлэнх олонх нь (86.4 хувь), 6-9 дүгээр ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдийн ихэнх нь (75 хувь) нь хүүхдүүдтэйгээ тэгш хамруулах боловсролын талаарх мэдлэг, ойлголтоо хуваалцсан байна.

Төсөл хэрэгжсэнээр зорилтот сургуулиудад тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролд тэгш хамруулах үйл ажиллагаанд гарсан үр дүнг багш нар хэрхэн дүгнэж байгааг авч үзвэл

  1. Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах багш нарын мэдлэг, ур чадвар, хандлага өөрчлөгдсөн.
  2. Тусгай хэрэгцээт хүүхдийн суралцах боломж нөхцөл нэмэгдсэн
  3. Сургалтын орчин сайжирсан
  4. Багш, эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирсан гэж үзжээ. Тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй эцэг эхчүүд бүгд хүүхдийнхээ сурч хөгжихөд дэмжлэг болох сургалтын орчин бүрдүүлэх, тэдний хөгжил, суралцах үйл явцад нь тусалж анхаардаг болсон гэж хариулжээ.
зураг
 
зураг
 
зураг