Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн болон орон нутгийн өмчит компанид улс төрийн томилгоо хийхгүй байх хуулийн төсөл бэлдсэн"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаанаар өнөөдөр нийслэл дэх үйлдвэр технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр компанийн хэлбэр рүү орчихвол компанийн хуулийн дагуу хариуцлага тооцогдох эрхзүйн орчин тавигдана. Мэргэжлийн хүн томилогдох зэргээр засаглалын хувьд эрүүл болно гэдгийг нийслэлийн удирдлагууд онцлов. 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалд асуудал байна. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн байдлын тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлдсэн. 

Уг хууль дээр төрийн болон орон нутгийн өмчит компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад ажиллаж байгаа хүмүүс компанийг ашиггүй ажиллуулсан тохиолдолд хар жагсаалтад орно. "Хар жагсаалт"-ад орсон хүн дахиж ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад ажиллахгүй байх зохицуулалтыг оруулсан. 

Мөн гүйцэтгэх удирдлагыг улс төрийн шийдвэрээр томилдог асуудлыг болиулж, мэргэжлийн удирдлагыг нь нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог болгох тухай орсон байгаа. 

Энэ хууль хэрэгжээд эхэлбэл цаашид томоохон улсын үйлдвэрийн газруудад ямар нэгэн улс төрийн томилгоо хийх боломжгүй болно" гэв.