Уншиж байна ...

Г.Дарханчулуун: Сканнердсан зураглалаар Эрдэнэзуу хийдийн хойно таван метрийн гүнд Хархорум хотын туурь харагддаг

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахаар болоод буй. 

Хэдийгээр аялал жуулчлалыг энэ газарт хөгжүүлэх боломж их бий ч өнөөдрийг хүртэл ашиглаагүйг "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргааны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун хэлэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр "Жуулчид Хархорин суман дээр очоод Эрдэнэзуу хийд, музей ороод явдаг. Өнгөрсөн онд 600,000 гаруй жуулчин Монголд ирэхэд дөнгөж 30,000 гаруй нь л Хархоринд очсон байна.

Орхоны хөндийд байгаа Монголын Эзэнт Гүрнүүдийн туурийг олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн түвшинд археологийн малтлага судалгаа хийн гаргаж ирээд олон нийтэд сурталчилснаар аялал жуулчлалдаа ашиглах боломж байгаа. Түүнийг өнөөдрийг хүртэл ашиглаагүй байна.

Сканнердсан зураглалаар Эрдэнэзуу хийдийн хойд талд Хархорум хотыг туурь нь таван метрийн гүнд харагдаж байдаг.

"Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын хүрээнд хуучны түүх, археологийн олдворуудыг нөхөн сэргээх ажлууд давхар хийгдэнэ" хэмээв.

Хархорум хот байгуулах байршил нь Хархорин сум, Хашаатаас Өгий нуур хүртэл буюу үндсэндээ Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамарч байгаа аж. Төлөвлөлтийн байршилд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдтэй өнгөрсөн зун уулзаж, урьдчилсан үзэл баримтлалаа танилцуулсан байна. Мөн тэдний газрыг чөлөөлөхөөс илүүтэйгээр хотын бүтээн байгуулалтад зориулалтынх нь дагуу үйл ажиллагаандаа татан оролцуулахыг зорих юм байна.