Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийгмийн даатгалын цахим үйлчилгээ энэ сарын 18-наас хэвийн ажиллаж эхэлнэ"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн даатгалын системийн шинэчлэлийн асуудлаар НДЕГ-ын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хэлтсийн дарга Д.Энхбаттай ярилцлаа.

-Нийгмийн даатгалын шинэ системийг нэвтрүүлж эхэлсэн ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү.

Нийгмийн даатгалын мэдээллийн системийг шинэчлэх, хөгжүүлэх ажлыг ITZone ХХК 2019-өөс 2023 оны хооронд  гүйцэтгэсэн. Мэдээллийн шинэ системийг 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар нэвтрүүлж байна.

Шинэ системээр нийгмийн даатгалын үйлчилгээ авах  83*777 хүсэлт ирүүлсэн (үүнээс 41% нь цахимаар хүсэлтээ илгээсэн, 59% нь биеэр ирж хүсэлтээ өгсөн)-ээс 2024 оны гуравдугаар сарын 14-ний байдлаар дараах үйлчилгээг үзүүлээд байна. Үүнд:

  • Нас барагчийн гэрт олгох тэтгэмжийг нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн олгосноор 2,294 хүний тэтгэмжийг олгосон
  • Сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шимтгэл төлөх хүсэлтийг нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн хүлээн авснаар 27,191 хүсэлтийг шийдвэрлэсэн
  • Жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн хүлээн авснаар 13,037 хүсэлтийг шийдвэрлэсэн
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлтийг хоёрдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хүлээн авснаар 10,515 хүсэлтийг шийдвэрлэсэн
  • Шинээр тэтгэвэр тогтоолгох 4,163 хүсэлтийг шийдвэрлэсэн
  • Ажил олгогчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нэгдүгээр сарын тайланг хоёрдугаар сарын 15-наас хүлээн авах системийг нэвтрүүлснээр 36,030 ажил олгогч тайлангаа илгээгээд байна.
  • Давхардсан тоогоор 523 мянган тэтгэвэр авагчийн 1, 2, 3 дугаар сарын бүх төрлийн тэтгэврийг хугацаанд нь олгосон.

-Хүлээгдэж байгаа тэтгэвэр, тэтгэмжийг хэзээ олгох вэ?

-Ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хоёрдугаар сарын 15-наас эхэлж илгээсэн.

Тайланг шинэ системээр хүлээн авч, шалгах, баталгаажуулахад тодорхой хугацаа шаардагдсанаас 2024 оны нэгдүгээр  сарын цалин хөлснөөс тэтгэвэр, тэтгэмжээ бодуулах даатгуулагчдын тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний, амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмж олгогдоогүй хүлээгдэж байсныг өнөөдрөөс олгох боломж бүрдлээ.

Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газрууд хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний, амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмжийн бодолтыг өнөөдрөөс эхлэн хийж, энэ амралтын өдрүүдэд ажиллаж бодолтыг дуусгаж тэтгэмжийг даатгуулагчдын дансанд Даваа гарагаас эхлэн шилжүүлнэ.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, тодорхойлолтыг хэзээнээс цахимаар авах боломж бүрдэх вэ?

-Даатгуулагч, ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны лавлагааг цахимаар авч байгаа бөгөөд харин 2024 оны лавлагааг харьяа Нийгмийн даатгалын газраас биеэр очиж авч байна.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах даатгуулагчийн хувьд 2023 оны 12 дугаар сарын шимтгэлээ төлсөн бол эрүүл мэндийн байгууллага, эмийн сан үйлчилгээ үзүүлж байна.

2024 оны нэгдүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлсэн ажил олгогч, даатгуулагч гуравдугаар сарын 15-наас эхлэн шимтгэл төлөлтийн лавлагааг portal.ndaatgal.mn сайтаас цахимаар авах  боломжтой боллоо.

2024 оны гуравдугаар сарын 18-аас харилцагч төрийн байгууллагууд, тухайлбал Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, төрийн мэдээлэл солилцооны ХУР системд ажил олгогч, даатгуулагчдын шимтгэл төлөлтийн мэдээллийг шилжүүлж, нийгмийн даатгалын цахим үйлчилгээ хэвийн ажиллаж эхэлнэ.