“Хүн бол өөрийнхөө дадал, зуршлын цуглуулга”
Амжилтад хүрэх, аз жаргалтай амьдрах тухай хүсэл, бодолдоо бид амжилтад хүрэх, аз жаргалтай амьдрах үйлдлээсээ илүү эрч хүч, энергийг зарцуулдаг гэж хэлэхэд буруудахгүй. Тэдгээр хүсэл, бодолдоо хөтлөгдөн жаргалтай амьдруулах хэн нэгэн сайн хүнийг эсвэл амжилт авчрах төрөл бүрийн заавар, жор, шилдэг аргачлалыг хайж явдаг. Гэтэл тэр бүхнийгээ хэрэгжүүлэх хүч өөрсдөд маань байгаа гэдгийг ихэнх хүн анзаардаггүй.
Хүнд өөрт нь байдаг хамгийн чухал хүч бол дадлын хүч юм. Тиймээс ч хүн бол өөрийн сайн, муу дадал, зуршлынхаа бүтээл гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, дадал, зуршлууд бол бидний амьдралыг тодорхойлдог. Дадлууд бидний хэрхэн бодох, мэдрэх, үйлдэхэд нөлөөлдөг. Зарим нь бидэнд зорилгодоо хүрэхэд тусалдаг бол зарим нь саад болдог.
Сошиал орчинд “Munkhdemberel Multiplier” нэртэй пэйж хуудас ажиллуулдаг, хүмүүсийн заримдаа гоочлох дуртай Ё.Мөнхдэмбэрэлтэй ярилцаж суухад тэр бол эерэг дадлаар өөрчилж чадсан хүмүүсийн нэгэн тод жишээ гэдэг нь харагдаж байлаа. Тэрбээр дунд сургуульд байхдаа өөртөө итгэлгүй, бусдад их гоочлуулдаг нэгэн байсан ч 2010 оноос хойш амьдралдаа өөрчлөлт хийж эхэлжээ. Тэрбээр “Хүний мэдрэмж гэдэг найдвартай биш. Нэг хэсэг үнэхээр эрч хүчтэй мэдрэмж төрж болох ч удаан үргэлжлэхгүй. Тиймээс хамгийн шилдэг арга бол эерэг дадлуудыг төлөвшүүлэх. Миний өөртөө суулгаж чадсан дадал өөрт хэрэгтэй мэдээллээр өөрийгөө цэнэглэж чаддаг” хэмээн ярьж байв.
Ё.Мөнхдэмбэрэл фитнесээр хичээллэдэг. Гурван жил тасралтгүй хичээллэсний дараа залхах мэдрэмж алга болж, дадал болж хувирсан тухай тэр ярьж байлаа. Тэр өөртөө гурван чиглэлээр дадал төлөвшүүлэхийг зорьдог аж. Нэгдүгээрт, биеэ эрүүл байлгах, гадаад төрхөө тордох дадлууд. Хоёрдугаарт, шинэ мэдлэг, ур чадвар эзэмшихэд чиглэсэн дадлууд. Гуравдугаарт, сэтгэлгээнийхээ цар хүрээг тэлэх дадлууд. “Энэ гурвыг тэнцвэртэй авч явах нь чухал. Сайн зүйлийг залхмаар санагдсан ч хийж дадал болгох ёстой” тэр хэлсэн юм.
Дадлын хүчийг ойлгож, хэрэгжүүлж чадсан өөр нэгэн хүн бол Дижитал Хархорум академийн үүсгэн байгуулагч, Датакомын гэдэг тодорхойлолтоор нь сайн мэдэх Д.Энхбат юм.
Түүний ярьснаар амжилт гэдэг өөрийгөө, дадал зуршлуудаа ухамсартайгаар бүтээхийн нэр аж. Нэг үгээр, амжилт бол амьдралын хэв загвар. Амжилттай яваа хүн өөрийнхөө бодол, хүсэл, дадал зуршил, амьдралыг анхнаасаа зөв зохион байгуулж чадсан байдаг. Түүнээс шүдээ зууж, хоногт 18 цаг ажиллах нь гол биш. “Миний өөртөө хэвшүүлсэн хамгийн чухал дадал бол тасралтгүй суралцах. Хүн үргэлж шилдэг байх боломжгүй ч үргэлж суралцагч байх боломжтой” гэж тэр ярив.
Д.Энхбатын зөвлөснөөр ямар нэг шинэ дадал, зуршлыг суулгахад танд өөрөөс тань өөр хэн ч саад болохгүй. Тиймээс өөртэйгөө тэмцэж, дотоод эсэргүүцлээ давах хэрэгтэй. Дадал зуршлын нэг нууц бол хэдий сайн хэвшил болох тусам хүнд төдийлөн мэдэгдэхээ больдог. Тиймээс шинэ дадал зуршлыг өөртөө ухамсартайгаар нэмээд явах хэрэгтэй гэдгийг тэр хэлж байлаа. Мөн “Өөрт хэрэгтэй дадал зуршлаа олж, өөртөө шингээж авахын зэрэгцээ муу зуршлуудаа хаях хэрэгтэй. Үүний тулд эхлээд олж авах ёстой дадал зуршлуудаа, дараа нь татгалзах ёстойгоо бичих нь зөв” гэж Д.Энхбат ярьсан юм.
Санхүү, хөрөнгийн зах төдийгүй олон нийтийн сайн мэдэх “Ulzii&Co” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаярын хувьд нийгэмдээ манлайлах түвшинд амжилт гаргаж яваа эмэгтэй. Түүний амжилтын нууц гэвэл ажил төлөвлөх гэдгийг дадал болгож чадсан нэгэн. Ингэхдээ тэр Google Calendar ашиглан ажлуудаа нарийн төлөвлөдөг. Мөн компани дотроо дундын хуанли хөтөлж, хэн ямар ажил хариуцаж буй, хэдээс, хаана уулзалттай зэрэг мэдээллээ оруулж, бүх ажлаа төлөвлөдөг.
“Төлөвлөлтийг дадал зуршил болгоход цаг хугацаа хэрэгтэй. Харин нэгэнт дадал болчихсон тохиолдолд бүх зүйлийг аяндаа л төлөвлөөд сурчихдаг. Ялангуяа над шиг завгүй хүн бол цаг цагаар нь төлөвлөхөөс өөр аргагүй. Миний календарийг харвал галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л санагдах байх” гэж яриад инээж байв.
Улс төрийн хүрээллээс гэвэл эерэг дадал, зуршил хэрэгжүүлсэн түүхээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуваалцсан юм. Тэрбээр дуулах дуртай нэгэн. Багадаа солгой хоолойтой байсан ч ээж нь өдөр бүр гоё дуулж байна хэмээн магтаж, радио дагуулж дуулуулан хоолойг нь хөглөж чиглүүлсээр хоолой нь засарчээ. Өнөөдөр түүнийг чамгүй дуучин гэж болох бөгөөд хүний итгэл, зүтгэл ямар хүчтэй гэдгийг тэр сайн мэднэ.
Түүний нэг онцлог нь ямар ч их ажилтай байсан өөрийн дуртай, хэрэгтэй зүйлд, жишээ нь монгол бичгээр хичээллэх, сагсан бөмбөг, шатар тоглох, фитнест явах зэрэгт заавал цаг гаргадаг. “Зорилгодоо хүрэхэд шаардлагатай сайн дадал, зуршлыг хэвшүүлэхэд бусдын дэмжлэг гэхээс илүү өөрийн хүчин чармайлт түлхүүр үүрэг гүйцэтгэдэг” гэж Б.Пүрэвдорж ярьж байв.
Тэрбээр эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт, стресс, элдвийн хорт зуршлууд нийгэмд олширч байгаад зүгээр сууж чадалгүй залуучуудын дунд “Жаахан хичээе” нэртэй аян зарлаж буйгаа хуваалцав. Энэхүү аян нь эрүүл, эрч хүчтэй Монгол хүнийг бүтээхийн тулд өдөр тутамдаа жаахан хичээж, эерэг дадлуудыг төлөвшүүлье гэсэн утгатай уриан дор явагдаж байгаа аж. “Хүн зорилгодоо нэг өглөө босоод хүрдэггүй. Зорилгыг хуваасан төлөвлөгөөг, төлөвлөгөө амьдрал болгох зөв дадал, зуршлууд хүнийг бүтээдэг” гэж тэр онцоллоо. Энэ ташрамдаа Б.Пүрэвдорж “Жаахан хичээе” аянд нэгдэхийг залуучууддаа уриалсан юм.
10 000 цагийн дүрэм
Дадал, зуршлын хүчний талаар сүүлийн үед гадна, дотны судлаачид, зөвлөхүүд идэвхтэй судалж байгаа. Тухайлбал, “Натори” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, амжилтын көүч Д.Наранцэцэг 21 хоногийн хугацаатай “100/10” буюу 100 минутад 10 дадлыг хэвшүүлэх хөтөлбөрийг цөөнгүй удаа хэрэгжүүлсэн. Ингэхдээ тэр хэдэн зуун суралцагчдынхаа дунд судалгаа явуулж үзэхэд 85 хувь нь явцын дундаас шантарсан, 10 хувь нь завсарласан ч эргэн холбогдсон, харин тавхан хувь нь дадал болгож чадсан үр дүн анзаарагджээ. Нэг үгээр, олон зуун хүнээс ердөө таван хувь нь л зорьсондоо хүрч, улмаар эерэг үр дүнг үзүүлсэн байна. Эндээс тэр дараах дүгнэлтийг хийжээ.
Аливааг давтаж дадал болгосноор дараах алхмын дагуу өөрчлөлт бий болдог:
- Ямар нэгэн үр дүн ажиглагдана.
- Дадал хэвшил сууж эхэлнэ.
- Хувь хүнд гүнзгий өөрчлөлт бий болно.
Эдгээр алхмын хооронд саад бэрхшээлүүд тулгарч эргэлзэж, шантрах тохиолдол цөөнгүй гардаг. Гэхдээ энэ бүхнээс үл хамааран жижиг ч атугай үйлдлийг давтан хийх нь томоохон үр дүнд хүрэх эхлэл болдог ажээ. Дадлыг суулгачихсан хүн дараа дараагийн томоохон зорилгуудад бууж өгдөггүй болдгийг Д.Наранцэцэг дээрх судалгааны явцад анзаарчээ.
Дадал зуршил гэдэг давтах тусам сайжирдаг. Тамирчдын амжилтын гол нууц ердөө л энэ. Тиймээс та гоц ухаантай, хэн нэгнээс илүү байх шаардлагагүй. Харин өөрийн хамгийн сайн хувилбарт очихын тулд зөвхөн үйлдэл хийх, түүнийгээ давтан хийхэд л хангалттай.
Америкийн зохиолч, сэтгүүлч Малкольм Гладвел “Outliers: The story of success” номдоо сэтгэл судлаач К.Андерс Эрикссоны Берлиний Хөгжмийн академийн хийлчдийн дунд явуулсан судалгааны талаар сонирхолтой жишээ бичсэн байдаг. Оюутнуудыг гурван бүлэгт хувааж авч үзэхэд ангидаа хамгийн шилдэг нь гэгддэг хийлчид бүр есөн настайгаасаа эхлээд долоо хоногт 6 цаг, 12 нас хүрээд 8 цаг, 14-өөс 20 нас хүртлээ долоо хоногт 16 цаг хичээллэсээр иржээ. Дасгал, сургуулилалт хийсэн бүх цагийг нэмээд үзэхэд ойролцоогоор 10 000 цаг болж байсан бөгөөд эндээс Малкольм Гладвел “10 мянган цагийн дүрэм” гэдэг үзэл санааг дэвшүүлжээ.
Өөрөөр хэлбэл, ямар нэг зүйлд үнэхээр мэргэжлийн болохын тулд дор хаяж 10 000 цаг дасгал, сургуулилалт хийх хэрэгтэй гэсэн үг. Зохиолчид, сагсчид, хөгжлийн зохиолчид, шатарчид гээд олон төрлийн мэргэжлийг судалж үзэхэд ижил төстэй үр дүн гарч байжээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүн өндөр ур чадвартай болохын тулд тархи шаардлагатай бүхий л мэдээллийг өөрийн болгоход энэ хэмжээний хугацаа хэрэгтэй гэсэн таамаг дэвшүүлж болохоор байжээ.
Малкольм Гладвел энэ номдоо “Битлз” хамтлагийн жишээг ч оруулсан байдаг. Тус хамтлаг 1960-1962 оны төгсгөл хүртэл Германы Хамбург хотод таван удаа очиж тоглосон байдаг. Эхний удаа тэд 106 үдэш тав ба түүнээс дээш цаг тогложээ. Хоёр дахь удаагийн аялан тоглолтоор 96 удаа, гурав дахиа ирэхдээ 48 удаа тоглож, тайзан дээр 48 удаа гарахдаа 172 цагийг өнгөрүүлжээ. 1962 оны өвөл хоёр удаа очихдоо ахин 90 цаг тоглосон байна. Ингээд бодоход тэд жил хагасын дотор 270 үдэш тоглолт хийж, өөрөөр хэлбэл АНУ-д ирж гялалзахаасаа өмнө 1200 амьд тоглолт хийчихсэн байжээ.
Майкрософт корпорацыг үндэслэгч Билл Гейтс ч бас 10 000 цагийн дүрмээр амжилтад хүрсэн. Тэрбээр 1968 онд 13 настайдаа анхны компьютерын программаа бичиж эхэлснээс хойш 1975 онд сургуулиа орхин, “Microsoft” компанийг байгуулах хүртэл шаргуу хөдөлмөрлөсөн хугацаа нь бас л 10 000 цаг орчим болдог. Түүнчлэн Томас Эдисон "Чийдэн бүтээх гэж" бас л 10 мянган цаг “бүтэлгүйтсэн” түүхтэй.
Ямар дадлыг, хэрхэн хэвшүүлэх вэ?
Зарим судлаачдын бичсэнээр дадал, зуршил гэдэг бол давтагддаг үйлдэл эсвэл бодол бөгөөд автоматаар, ухамсаргүйгээр өрнөдөг үйл явц аж. Ямар нэг зүйлийг тодорхой нөхцөлд эсвэл тодорхой өдөөгчийн нөлөөн доор бид байнга хийх үед дадал, зуршил бий болдог.
Дадал нь өдөөгч, дэг, шан гэсэн гурван хэсгээс бүрддэг. Чарльз Дахиггийн “Дадлын хүч” номд энэ гурвыг нийлүүлээд “Дадлын гогцоо” гэж нэрлэсэн байдаг. Өдөөгч дадлыг эхлүүлж, Дэг нь бидний дахин давтдаг үйлдэл эсвэл бодол болдог. Харин Шан бол тухай дадлыг гүйцэлдүүлснээр олж авдаг сэтгэл ханамж. Жишээ нь өглөө гүйхийг Өдөөж сэрүүлэг дуугарахад бид хувцсаа өмсөж, биеэ халааж, гүйснээр Дэгийг гүйцэтгэдэг бол гүйхдээ амьсгалсан цэвэр агаар, сэргэлэн байдал зэрэг нь Шан юм.
Дадал хэвшүүлэхийн цаад ач холбогдол нь цаг, энергийг хэмнэх юм. Учир нь автомат болсон дадал, зуршлыг хийхэд онцгой анхаарал төвлөрүүлж, хүч гаргах шаардлагагүй.
Хэдийгээр хүн болгоны зорилго өөр ч дадал, зуршилтай холбоотой, хүн бүхэн нийтлэг байдлаар мөрдөж болох зарим зарчим бий.
- Нэгдүгээрт, та өөрийн үнэт зүйлсэд нийцэх дадлуудыг хэвшүүлэх хэрэгтэй.
- Хоёрдугаарт, танд сэтгэл ханамж, баяр баясал авчирдаг дадлуудыг хэвшүүлээрэй.
- Гуравдугаарт, таны өсөлт, хөгжлийг дэмжих дадлыг хэвшүүлээрэй.
Дараагийн нийтлэлдээ амьдралын үнэт зүйлс, зорилгын хүчний талаар бичих болно.
Эх сурвалж: Business.mn Г.Даваадорж
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



