Хэдийгээр дээрэмчин, алуурчин, сэтгэцийн өвчтөн зэрэг олон сөрөг дүр бүтээсэн ч Холливүүдийн домогт жүжигчдийн нэг Роберт Де Ниро хэзээ ч АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын дүрийг бүтээхгүйгээ амлажээ.
Тэрбээр саяхан “Real Time With Bill Maher” ярилцлагын шоунд оролцохдоо энэ талаар ярьсан байна.
Де Ниро нь Дональд Трампын хамгийн хүчтэй шүүмжлэгчдийн нэг юм.
“Хамгийн чухал нь Байден, Трамп хоёрын хэнийг сонгох асуудал. Бид нэг бол өөрсдийн хүссэн сайхан ертөнцөд, эсвэл хар дарсан зүүд шиг ертөнцөд амьдрах сонголтын өмнө байна. Хэрвээ Трампыг сонговол хар дарсан зүүдний ертөнцөд амьдрах болно. Байденд саналаа өгвөл бидэнд хэвийн амьдрах боломж гарна” гэж ахмад жүжигчин ярьжээ.
“Би 2016 оны сонгуулийн дараа мэдэрсэн зүйлээ дахин үзмээргүй байна. Тэр бол үнэхээр мангас” гэж Де Ниро экс ерөнхийлөгчийн талаар ярьсан байна.
Тэрбээр бас жүжигчин хүнийхээ хувьд хэзээ ч Трампын дүрийг бүтээхгүйгээ энэ үеэр амлажээ. “Би хэзээ ч түүний дүрийг бүтээхгүй. Учир нь түүнд авах зүйл огт байхгүй. Юу ч байхгүй. Түүнд сайн тал ганц ч байхгүй” гэж тэр хэлсэн юм.
Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын НҮБ дэх элчээр ажиллаж байсан Никки Хэйли өрсөлдөөнөөс гарснаар Бүгд Найрамдах намаас 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой ганцхан хүн үлдсэн нь Трамп.
Де Нирогийн хувьд Дональд Трампыг байнга хурцаар шүүмжилдэг.
Арванхоёрдугаар сард тэр Gotham шагнал гардуулах ёслолын үеэр үг хэлэхдээ “Өмнөх ерөнхийлөгч маань бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаандаа бидэнд 30,000 удаа худлаа ярьсан. Одоо ч тэр худал яриагаа үргэлжлүүлсээр байна” гэж байжээ.
Хариуд нь Трамп түүнийг “авьяас билиг нь эрс муудсан хамгийн азгүй амьтан” гэж сошиал хуудсандаа муулж байв.
Өнөөдөр орой болох Оскарын шагнал гардуулах ёслолд Роберт Де Ниро “Killers of the Flower Moon” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг туслах дүрийн шагналд нэр дэвшиж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!