Маргааш буюу арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойн өдөр тохионо. Уг өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож, бүх нийтээр амрахаар хуульчилсан байдаг.
Энэ өдөр ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
Харин Чингис хаан үндэсний музей ажиллах бол хилийн зарим авто замын боомт амрах хуваарьтай байна.
Тодруулбал Монгол, Оросын Арцсуурь, Боршоо, Тэс зэрэг авто замын боомтууд 2025.12.29-2026.01.08-ны өдрүүдэд, Монгол, Хятадын Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга авто замын боомтууд 2025.12.29 болон 2025.01.01-ний өдөр амрах бол агаарын болон төмөр замын боомтууд ердийн ажиллана.
1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр монголчууд манжийн дарлалаас гарч, тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө баталгаажуулсан түүхтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!