Уншиж байна ...

Оросын эрх баригчид баривчлагдсан иргэнтэй нь холбоотой "ямар нэг санал" Францын талд тавьснаа хүлээн зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
6 цаг 30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Швейцарын төрийн бус байгууллагад судлаачаар ажилладаг Францын иргэн Лоран Винатье 2024 оны зургаадугаар сард “гадаадын агент”-аар бүртгүүлээгүй гэсэн шалтгаанаар ОХУ-д баривчлагдаж, гурван жилийн хорих ял эдэлж байгаа юм.

Тэгвэл саяхан Оросын эрх баригчид түүнийг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт нэмж буруутгажээ.

Хэрвээ шүүх түүнийг буруутай гэж үзвэл 20 жилийн хорих ял сонсох болоод байна.

Тэгвэл Оросын эрх баригчид Винатьетэй холбоотой ямар нэг санал Францын талд тавиад хариу хүлээж байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр баталжээ.

“Манай талаас Францын талтай холбоо барьсан. Тодруулбал Винатьетэй холбоотой тодорхой саналыг Францын талд тавьсан. Одоо бөмбөг Францын талбайд байгаа” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна.

Винатьегийн ар гэрийнхэн түүнийг тагнуулын үйл ажиллагаа явуулсныг үгүйсгэж, Украины дайны улмаас Москва, Парисын хооронд үүссэн хурцадмал байдлын золиос болсон гэж үзэж байгаа.

Өрнөдийн орнууд Оросын эрх баригчдыг үндэслэлгүйгээр иргэдийг нь баривчилж, Европ болон АНУ-ын шоронд хоригдож буй гэмт хэрэгтнүүдээрээ солилцох наймааны “хөзөр” болгон ашигладаг хэмээн шүүмжилдэг.

Путин өнгөрсөн долоо хоногт дотоод, гадаадын сэтгүүлчидтэй уулзахдаа Винатьегийн хэрэгт анхаарал хандуулахаа амлаж байв.

Францын сэтгүүлч нутаг нэгтнийхээ хувь заяаны талаар сонирхоход Путин “Би энэ талаар юу ч мэдэхгүй. Анх удаагаа сонсож байна. Гэхдээ би юу болоод байгааг заавал олж мэдэхээ амлаж байна. Хэрвээ энэ асуудал нааштайгаар шийдвэрлэгдэх боломж байгаа бол, хэрвээ Оросын хуулиар зөвшөөрөгдөх бол би бүх хүчээ дайчлах болно” гэж хэлжээ.

Песковын хэлсэн зүйлтэй холбогдуулан Францын гадаад хэргийн яам тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Украины дайн эхэлснээс хойш Өрнөдийн орнуудын хэд хэдэн иргэн ОХУ-д баривчлагдсаны нэг нь Винатье юм.

Ерөнхийлөгч Жо Байден, Дональд Трамп нарын хүчин чармайлтын үр дүнд АНУ-ын зарим иргэд Оросын шоронгоос суллагдаад байгаа.

Шүүх хурлын үеэр Винатье өөрийгөө буруу зүйл хийснийг үгүйсгэж, олон улсын харилцаанд үргэлж Оросын эрх ашгийг түрүүнд тавьдаг байснаа мэдүүлж байжээ. Түүний ажилладаг байгууллага нь олон улсын зөрчил мөргөлдөөнд зуучлах үйл ажиллагаа явуулдаг юм.

 

Эх сурвалж: AFP