Зул сарын өмнөх өдөр АНУ-ын Арканзас мужийн нэг иргэн Powerball сугалаанаас $1.8 тэрбумын шагнал хожсон байна.
Энэ нь тус сугалааны түүхэнд хоёрдугаарт бичигдэх өндөр хожил болжээ.
Одоогоор нэрийг нь нууцалж байгаа азтан 4, 25, 31, 52, 59, 19 гэсэн бүх зургаан тоог амжилттай таасан юм байна.
Powerball сугалааны хамгийн өндөр шагналыг 2022 онд Калифорни мужийн Алтадена хотын оршин суугч хожсон нь $2.04 тэрбумын хэмжээтэй байжээ.
Нэгж тасалбар нь $2-ын үнэтэй уг сугалаанд хожих магадлал 292.2 саяд нэг тохиолдол байдаг.
Азтан нь хожсон мөнгөө бүтнээр нь 29 жилийн турш цувуулж авах, эсвэл татвар хассан дүнгээр шууд авах хоёр сонголттой байдаг юм.
Ихэнх азтан хоёр дахь хувилбарыг сонгодог ба дээрх тохиолдолд $834.9 сая болж байгаа ажээ.
1992 онд эхэлсэн Powerball сугалаа одоо АНУ-ын 50 мужийн 45-д, нийслэл Вашингтонд, бас Пуэрто Рико, Виржин арлуудад зохион байгуулагддаг юм.
Хонжворын мөнгөнөөс холбооны засгийн газар 24-37 хувийн татвар авдаг бол мужууд бас өөр өөрийн татварыг суутгадаг байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!