2025 оны гадаад бодлогын нэг гол ололт. Монгол Улс нь Төв Азийн (хуучнаар Зөвлөлтийн Дундад Ази) улсуудтай харилцааны түвшингээ ахиулснаар манай улсын гадаад бодлогод Төв Ази бүрэн бүтэн болж чадсан. “Оны онцлох” тоймд манай судлаачид нэгэн дуугаар энэ тухай ярьцгааж байна.
Ингэхэд Түрэг угсааны улсуудын байгууллагын гишүүн 4 улстай (Турк, Казахстан–стратегийн; Узбекистан, Киргизстан–иж бүрэн) түншлэлийн харилцаатай, мөн Азербайжан, Туркменистантэй хоёр талын харилцаагаа идэвхтэй хөгжүүлж байна. Хэтдээ түншлэлийн харилцаа төлөвшнө. Тажикистины Ерөнхийлөгч 2026 онд хариу Төрийн айлчлалаар морилох үед түншлэлийн харилцаанд хүрнэ гэсэн итгэлтэй байна. Хуучин Зөвлөлтийн энэ 6 улстай тогтоосон харилцаа нь бүхэлдээ ах дүүсэг, харилцан ашигтай, хоёр талдаа ээлтэй хөгжиж байна. Энэ тухай нарийвчлан өгүүлэхгүйгээр “Геополитикийн өнцөг” гэдгээр дор сонирхуулъя.
Төв Азийн бүс нутгийн олон талын ач холбогдол дэлхийн глобал геополитикийн их хувиралт, хувьсал, сорилтыг дагалдан шал өмнөө дүр зурагтай болсон нь олон улсын харилцааны өнөө цагийн нэг онцлог юм. Иймд тус бүс нутгийн геополитикийн ач холбогдлыг авч үзэхдээ хэд хэдэн хүчин зүйл, олон талт үйл явцын өнцгийг орхигдуулж үл болно.
Төв Ази өнөөдөр хэн бэ гэдгээсээ илүүтэй дэлхийн бодлого тодорхойлдог их гүрнүүд тийшээ яагаад зэрэг зэрэг хандаад, ач холбогдол өгөөд байна вэ гэдгээс хариулт хайя. Зарим мэдээллээр бол ширүүхэн өрсөлдөөн тэмцэл эхэлсэн мэт. “Төв Азийн төлөөх тулалдаан” гээд азербайжаны ТВ мэдээллийн тусгай нэвтрүүлэг явуулж байна билээ! Энэ бүс нутагт уламжлалт түнш–холбоотон нь болох Оросоос гадна, АНУ, Турк, Европын Холбоо, Хятад, Энэтхэгийн ашиг сонирхлууд шууд төвлөрөх хандлагатай болсныг бид бүхэн ажиглаж байна. Итали, Япон ч энэ жагсаалтыг баяжуулж байна.
Төв Ази хэмээх энэ бүс нутаг бол ШХАБ-ын гурван том гигант–Орос, Хятад, Энэтхэгийн нөлөөний хүрээний, ашиг сонирхлын үндсэн талбар мөн бишийн тухай би өгүүлэх гээгүй. Орос бэхжсэн байснаа байр сууриа Хятадад эдийн засгийн хувьд алдах эхлэл тавигдсан. Гэхдээ энэ гурван улсын хэн нь ч нөгөө аль нэгийгээ Төв Азид хэт давамгайлахыг зөвшөөрөхгүй. Иймд Төв Азид хэн нь хэнийгээ вэ гэх далд зөрчил тэмцэл ШХАБ-ын гурван том гүрний дунд битүү бугшиж байна. Үүн дээр Пакистан, Иран хоёр ч ШХАБ дотроо томхон тоглогч болоод гараад ирсэнийг үгүйсгэж болохгүй.
“Төв Ази ба Нэг” (“C5+1”) гэсэн дээд хэмжээний уулзалт-саммитын формат энэ цаг үед тун идэвхтэй төлөвшин байна. Эхлээд ийм үйл явцыг Турк эхлүүлсэн. Тэр ойлгомжтой. Туркийг энд тайлбарлан бичихгүй. Нөгөө “Пан-Түрэг” гэдэг үзэл санаагаар нь ойлгочих.
Туркээс гадна анхлан хоёроос гурван том тоглогч байснаа одоо 5-6 глобал тоглогч ийм форматаар тодрон гарч ирээд өрсөлдөн байна. Төв Ази дахь их гүрнүүдийн өрсөлдөөн Орос-Украины дайны өнгөн дээр бүр ч илэрхий болж байна.
“Геополитикийн өнцөг” гэдэгт бүс нутгаас аажмаар шахагдаж байгаа биш юм аа гэхэд давамгайлах байр сууриа алдаж буй нэгэн гүрэн–Оросын тухай өгүүлэх нь бидэнд хамаатай ба сургамжтай. Арбитрын үүргээ Кавказад гэнэт АНУ-д булаалгасан бол одоо Төв Азид бүхэлдээ булаалгахын наана байна.
Тавын тавуулаа Сиань, Вашингтон, Токиод айлчилж, олон улсын харилцаанд хоёр талын, олон талын дипломат жинтэй алхам хийж болдог жишиг тогтоосон Төв Азийн 5 удирдагч “Бид 5-ын эв нэгдлийг хэн ч саатуулж үл чадна” гэсэн мэссэж өгөөд байх шиг. Саяхан Токио хотноо Японы Ерөнхий сайд хатагтай Такачитай өндөр түвшний, үр дүнтэй уулзалт хийсэн Төв Азийн 5 улсын удирдагчдыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин халуун мөрөөр нь Санкт-Петербург хотноо урьж, бүр Эрмитаждаа хүлээн авч уулзан ярилцахдаа Эрмитажийн зарим үзмэрийг хэргээр үзүүлж Оросын эзэнт улсын эрт цагийн түүхээс тэдэнд хуучилж, эртний түүх эргэж сануулахыг зорьсон байж магадгүй. Цаадуул нь хэр тоож хүлээн авсныг мэдэхгүй. Ганц л зүйл тодорхой байна. Үйл явдлаас Орос хоцрохгүй, Оросын эрх ашиг Төв Азид бий, байх ч болно гэдгийг өөрсдөд нь ба дэлхий дахинд мэдрүүлэх чин санааны хүсэл оргилж байгаа нь харагдана.
Ер нь СССР-ийн хуучин Дундад Ази руу хандсан 3-4 чиглэлийн бодлого ОХУ-аас явуулж байх шиг санагддаг.
Эхний бодлого Кремлийн сэтгэлийн угт байдаг ба АНУ-тай тогтоосон хоёр талын харилцааг нь байнга хянах, анах, хариу үйлдэл үзүүлэх, анхааруулах, сэрэмжлүүлэх, хатуурхах гэх мэт олон хэлбэрээр илрэлээ олдог. Үндсэндээ энэ талаар олон жил гибрид дайны хэмжээнд ажиллаж байна. Харин одоо “АНУ-тай яачих бол” нь даамжирч олон салбарлаад Оросын дайсан, өрсөлдөгчидтэй яачих бол гэдэгтээ тулжээ.
Америкийн бодит аюул Төв Азид алга, харин лалын их аюул оршиж байна гэдгийг «Валдай» клуб, «Гадаад бодлого» гэх агентлагаас толилуулсан «Олон улсын аюул занал-2016» баримт бичигт анхааруулж байсныг одоо Кремль эдүгээ түр азнуулахаар шийдсэн. Эдийн засгийн салбарт Төв Азийг “гаднаас” аажмаар эрхшээж байгаа тухай олон янзын хардлага Кремльд явсаар байна. Эдийн засаг төдийгүй нийгэм-соёл, шинжлэх ухаан-технологи, цэрэг-батлан хамгаалах гээд явж өгнө.
“Русский мир” гэх үзэл суртал нь Украин дахь дайнаар суларсан ба нэр хүнд нь унасан. Гэвч Төв Азид “Русский мир”-ээр шантаажлах зэвсгээ Орос нэг хэсэгтээ орхихгүй. Дайсан улсын хүрээллийн сонгодог жишээ нь орос хэл ба орос хэлтнүүдийн энэхүү эмгэнэл яалт ч үгүй мөн. Орос иргэдийн (орос хэл бас орно) асуудал миний очиж үзсэнээр Азербайжан, Тажикистанд лав Кремлийн эсрэг шийдэгдчихсэн. Ор мөргүй нүүгээд алга болсон уу, эсвэл угаасаа тэнд оршин сууж байгаагүй юу гэлтэй сураггүй болчихсон байхыг хоёр нүдээрээ харсан болоод би бичээд байна. Оростой харилцаагаа хурцатгахгүй байж байгаад аажмаар хөөж явуулаад улс орноо Оросын соёлын нөлөөнөөс гаргачихсан. Туркменистаныг бас тэгж ойлгодог. Узбекистан, Киргизэд орос хэлт хүн ам гэж Казахстан шиг их бөөгнөрөөд үлдчихсэн биш. Өөрөөр хэлбэл Оросын хувьд Төв Ази, Азербайжан нь Оросын зөөлөн хүчний бодлогод эргэж автахааргүй цааш харсан шиг байгаа юм.
Энэ утгаар авч үзвэл бараг 70 сая хүн ам бүхий Төв Ази хэрэг дээрээ Москваг сөрөх томхон тоглогчид болцгоож байна. Оросын хувьд хуучин СССР-ийн орон зайд “ТУХН-2” гэх форматаар тоглоомын, хүлээн зөвшөөрөгддөггүй хэд хэдэн улсыг буй болгочихсон. Түрүүчээсээ 33 жилийн нүүр үзэж байна. Кремлиэс үйлдсэн эдгээр “төсөл”-өөс Төв Азийн орнууд анх удаа санал нэгтэйгээр 2008 онд татгалзсан. Тэр нь Гүржээс Абхаз, Өмнөд Осетыг салган тусгаарлуулсан явдалд өгсөн хариу байв. Дараа нь 2014 онд Крым, Донбасс энэ жагсаалтад нэмэгдсэн ба 2022 онд Украин руу өргөн хүрээтэй халдлага үйлдсэнээрээ Төв Азийн орнуудыг улам цочроосон, Орост Украины 4 мужийг хавсарган нэгтгэсэн үйл явдлыг Төв Азийнхан “Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орны бүрэн эрхт байдал, энх тайвнаар зэрэгцэн орших” тухай нэр хаяггүй нэгэн дуугаар мэдэгддэг болсноор Оросын байр суурийг нэг ёсондоо няцааж байна гэсэн үг.
Эцэст нь гурван эшлэл авъя.
Энд бичигдсэнийг ноцтой эмзэг хүлээн авахгүй байхыг зохиогчийн хувьд хүсэх байна. Гэхдээ алхам тутам, цаг минут тутам өөрчлөгдөн хувирч буй олон улсын харилцааны өрнөлт Төв Ази руу давлагаалан орж ирсэн нь гарцаагүй бодит үнэн юм. “Төв Ази ба Нэг” (“C5+1”) гэсэн хамтын ажиллагааны формат руу цаашдаа хэн ч нэмэгдэх нигууртай. Тэр үйл явц Монголд ямар ашигтай, ямар нөлөөтэй, хэтдээ бид бас тийм зам сонгон авбал хэрхэх вэ гэдэгт л бид ухаанаа уралдуулахад гэмгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!