Зул сарын баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Бид бүгд нэг мөрөөдөлтэй. Бүгд нэг хүсэлтэй. Тэр сүйрэх болтугай” гэж хэлснийг ихэнх хүмүүс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандсан гэж ойлгож байна.
Пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнд гайхаж байгаагаа илэрхийлжээ.
“Энэ үнэхээр бүдүүлэг, ёс бус үг байсан бөгөөд тэр болчимгүй хүн гэдгээ харууллаа. Түүнийг улс төрийн асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх чадвартай хүн мөн эсэхэд эргэлзэж байна” гэж Песков хэлсэн юм.
Энэ маргаан Трампын засаг захиргаа Москва, Киевийг энхийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрүүлэхээр шахаж буй цаг үетэй давхцаж байна.
АНУ, Украины төлөөлөгчдийн боловсруулсан гэрээний төслийг Лхагва гарагт Оросын тал хүлээж авсан гэх мэдээлэл бий.
Песков өчигдөр үүнийг баталж, Кремлийн албаныхан одоо төслийг “судалж” байгааг мэдээлсэн байна.
2023 онд Зеленский өөрийн Зул сарын баярын өдрийг үнэн алдартны шашинтнуудын тэмдэглэдэг нэгдүгээр сарын 7-ноос католик шашинтнуудын арванхоёрдугаар сарын 25 болгон өөрчлөх шийдвэр гаргасан юм.
Энэ нь Украины шашин, соёлыг Оросоос хамааралгүй болгох зорилготой алхам байлаа.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!