Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Хажидмаа: АН-аас жагсаалтаар нэр дэвших сонирхолтой хүмүүсийг зарлаж, анхан шатны гишүүдээсээ асуух ёстой

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-д суугаа сөрөг хүчний үүргээ биелүүлдэггүй Ардчилсан Нам(АН)-ын гишүүд, намын дэргэдэх байгууллагын дарга нар, луйварчдыг жагсаалтад оруулахыг эсэргүүцэж анхан шатны гишүүд нь өнөөдөр мэдээлэл хийлээ.

Жирийн гишүүдийн төлөөлөл болж иргэн Г.Хажидмаа "Өнөөдөр манай улс сөрөг хүчингүй байна. Өнөөгийн АН-ын лидерүүд бол сөрөг хүчин болдог хүмүүс биш.

Тэд үнэхээр лидер юм бол жагсаалтаар бус өөрсдийнхөө чадлаар УИХ-ын гишүүн болох ёстой.

Намайг хүмүүс их хуралд нэр дэвшихийг санаархаж байна гэж хардаж байна. Би энэ намын жирийн гишүүн, УИХ-д нэр дэвшихгүй. Гэхдээ С.Баярцогт, Л.Гантөмөр тэргүүтэй хүмүүс ч бас нэр дэвших эрхгүй гэдгийг хэлье.

Энэ хүмүүсийг нэр дэвшүүлэхгүйн төлөө АН-ын жирийн гишүүдээс тусламж хүснэ. Эрх барьж буй намд худалдагдсан сөрөг хүчин байж таарахгүй гэдгийг бас сануулъя.

Энд авчирсан зураг буюу АН-ын өнөөгийн лидерүүд, манай намын эмэгтэйчүүдийн холбооны дарга, аавтайгаа нийлж улс төрд орж буй Б.Жаргалан, Ц.Элбэгдоржийн хүүхдийг гаргасан н.Оюунцэцэг мэтийн энэ хүмүүс сүүлийн 20 жил АН-ын даргын суудлын төлөө мөнгөн бороо оруулж дарга байсан, одоо ч хэвээрээ байна.

Тэднийг одоо халах хэрэгтэй. Манай намын анхан шатны гишүүдийг энэ хүмүүс мөнгөөр худалдаж авч өнөөг хүргэсэн. Ийм хүмүүсийг одоо дэмжихгүй, татгалздаг болъё гэж уриалж байна.

Л.Гантөмөр, С.Баярцогт гэх мэтийн хүмүүс МАН-д дагаар орж Л.Оюун-Эрдэнэтэй ялаа наймаалцахын тулд манай намаар тоглож буй.

Өмнөх сонгуульд их хуралд нэр дэвшүүлнэ гэж зарлаад 100 сая төгрөг хурааж авсан. Зарим хүнийг дэвшүүлээгүй. Өнөөдөр энэ хүмүүс мөнгөө авч чадаагүй хохироод явж байна.

Б.Жаргалан тэргүүтэй манай намын эмэгтэйчүүдийн холбоо нэг ч удаа сөрөг хүчин хийгээгүй. Хүчирхийлэлд өртсөн ээжүүдийн эрхийн төлөө ганц ч үг дуугараагүй байж жагсаалтаар гишүүн болохыг санаархаж байна. Хэрвээ үнэхээр иргэдээс санал авч гишүүн болж чадна гэж бодож байвал тойрогт очиж нэр дэвших хэрэгтэй.

Ардчилсан Залуучуудын Холбоог саяхан "Женко" Х.Баттулга мөнгөөр худалдаж авсан. Тус холбооны хурлын үеэр нэр дэвшигч Л.Ган-Очир Х.Баттулгаас мөнгө авч маш олон гарч ирсэн.

Энэ хүмүүс нэр дэвшмээр байгаа бол өөрсдөө тойрогт очиж өрсөлдөх хэрэгтэй.

Бид өнгөрсөн долоо хоногт АН-ын дарга Л.Гантөмөрт шаардлага хүргүүлсэн. УИХ-д нэр дэвших сонирхолтой хүмүүсийн нэрсийг ил тод зарлаж анхан шатны гишүүдийнхээ дунд санал асуулга явуулах талаар уг шаардах бичигт тодорхой зарласан. Үүнийхээ хариуг яаралтай өгөхийг шаардаж байна" гэж ярилаа. 

АН-ын удирдлагууд 34 жил болохдоо огт өөрчлөгдөхгүй, өнөө л хэдэн дэвшдэг хүмүүс жагсаалтаар нэр дэвшихээр санаархаж байгаад сэтгэл дундуур байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.