Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд 10 метр өндөр мөсөн хана босгож бэлтгэлээ базаасан нь тамирчдын амжилтад нөлөөллөө"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Биеийн Тамир, Спортын Улсын Хороо (БТСУХ)-ны дарга О.Баттулга өнөөдөр мөсөнд авиралтын спортоор дэлхийн цомын цуврал тэмцээн болон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс медаль хүртсэн баг тамирчид, Монголын Уулчдын Үндэсний Холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Баг тамирчдыг хүлээн авах арга хэмжээний үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нар зарим тамирчдыг шагнаж урамшуулсан.

Тодруулбал Биеийн тамир, спортын Жуух бичгээр У.Анар, Ж.Амина, А.Зоригтбаатар нарыг, Олон улсын хэмжээний мастер цол тэмдгээр Н.Сэлэнгэ, Б.Мөнхбаатар нарыг шагнасан юм.

Канадын Эдмонтон хотод болсон мөсөнд авиралтын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д Монголын баг амжилттай оролцож хос медаль хүртсэн билээ.

Тухайлбал эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Н.Хэрлэн мөнгө, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Н.Сэлэнгэ хүрэл медаль хүртсэн юм. Мөн эрэгтэйчүүдийн хурдны төрөлд дэлхийд чансаагаар Ч.Мандахбаяр тэргүүлж буй. 

Тэгвэл эдгээр тамирчдыг болон залуучуудын ангилалд амжилт гаргасан залуусыг холбооноос нь шагнаж урамшуулав. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ үеэр Увс аймгийн спорт авиралтын холбооны тэргүүн Б.Пүрэвсүрэн "Манай холбоо 2019 оноос хойш аймгийн төвөөс 12 км зайд оршдог "Тэрэм Хад" хэмээх газарт Онцгой Байдлын газартай хамтраад есөн метр өндөр мөсөн хана босгосон.

Энэ хана дээрээ сүүлийн гурван жил эрчимтэй бэлтгэл хийж байна. Үр дүн нь ч эхнээсээ гарч шавь Б.Мөнхбаатар маань энэ жил залуучуудын ДАШТ-ий хурдны төрөлд алтан медаль хүртлээ" гэж ярилаа.

Манайд энэ спортын энэ төрлийг хөгжүүлэхэд бэлтгэлийн бааз хангалтгүй байгааг мэргэжлийнхэн сануулав. Хэдийгээр амжилт гаргасан ч санхүүгийн бэрхшээлээс болоод Эдмонтон хотод болсон ДАШТ-д оролцох боломжтой есөн тамирчнаас дөрөв нь зардлаа олоод тэмцээнд орсон юм. 

Дөрвөн улирлын турш бэлтгэл хийх баазгүй тул цас орсны дараа буюу арваннэгдүгээр сараас хойш өөрсдөө мөсөн ханаа бэлдээд нэг сар орчим бэлтгэл хийдэг гэдгээ холбооныхон ярьсан билээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөсөнд авиралтын спортын ирээдүйн талаар Монголын Уулчдын Үндэсний Холбоо (МУҮХ)-ны мөсөнд авирагчдын хорооны дарга н.Цолмон "Энэ жил манай холбоо Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд 10 метр өндөртэй хана босгох зөвшөөрөл авч, тамирчдаа бэлтгэсэн. Өмнө нь Олон Улсын Найрамдал цогцолборт зорьж очиж бэлтгэл хийдэг байсан юм. 

Үүний үр дүнд нэг тамирчин дунджаар 12 хоног бэлтгэл хийлээ. Хэдийгээр бэлтгэл хийх хугацаа нэмэгдсэн ч бусад улстай харьцуулахад харьцангуй бага тоо. 

ДАШТ-д есөн тамирчинтай оролцох байсан боловч санхүүгийн бэрхшээлээс болоод таван тамирчин л оролцлоо. Энэ тоог ирэх жилд 12 болгож нэмэх зорилготой ажиллаж байна. 

Мөсөнд авиралтын төрөл өвлийн олимпын хөтөлбөрт багтах өндөр магадлалтай. 2026 оны олимпод үзүүлэнгээр, 2030 оноос цагаан олимпын хөтөлбөрт багтах магадлал 80 хувьтай гэж ойлгож болно" гэж онцоллоо.