Уншиж байна ...

"318 резидент эмчийг орон нутагт ажиллах хугацаанд үндсэн цалин болон 14 хоногийн томилолтын мөнгө олгоно"

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 3 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Онцгой Комиссын Шуурхай штаб, Эрүүл Мэндийн Яам болон Цаг уур, орчны шинжилгээний газраас хаваржилтын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зудтай аймаг, сумдын малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд орон нутгийн эмч нарын хүч дутаж байгаа резидент эмч нарыг томилон ажиллуулах Эрүүл мэндийн сайд тушаал гарсныг Эрүүл Мэндийн Яамны ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал хэллээ. 

Энэ талаар "Орон нутгийн захиалгаар улсын төсвийн санхүүжилтээр 2024-2025 оны хичээлийн жилд орон нутгаас ирж суралцаж байгаа 318 резидент эмчийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын харьяалалд шилжүүлж, гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны өдрүүдэд өвөлжилт хаваржилт хүндэрсэн орон нутгуудад туслуулах зорилгоор хуваарилалт хийгээд ажиллаж байна. Эмч нараа нэгдсэн мэдээллээр хангаж байгаа. 

Резидент эмч нарыг орон нутагт ажиллах хугацаанд нь үндсэн цалинг нь бүрэн олгож, орон нутагт очих, буцах замын зардлыг хариуцах ба 14 хоногийн хугацаанд албан томилолтын мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү арга хэмжээнд 325 сая төгрөгийг зарцуулагдана.

Резидент эмч нарыг хүлээж авах эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа ханган хүндрэлтэй байгаа сумандаа дайчлан ажиллуулах хуваарилалт хийж байгаа" гэлээ. 

Мөн өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутагт ажиллахдаа 325 өрхөд эмийн багц олгосон. Тэр эмийн багцуудыг орон нутагт ажиллах гэж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ өгч явуулах гэж байна. ДЭМБ болон олон улсын байгууллагад анхан шатны тусламж үйлчилгээнд шаардлагатай эмийн захиалгыг хүргүүлсэн" гэв.