Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн тэргүүн баяны хүүгийн хуримын нээлтэд дэлхийн тэрбумтнууд уригджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Мукеш Амбанигийн хүү Ананд Амбани, сүйт бүсгүй Радика Мерчант нар

Блүүмбэргийн тооцоолсноор $113 тэрбумын хөрөнгөтэй Энэтхэгийн тэргүүн баян Мукеш Амбанигийн хүү Ананд энэ зун хуримлах гэж байна.

Ананд Амбанигийн хурим энэ оны долдугаар сард товлогдсон ч урьдчилсан арга хэмжээнүүд нь удахгүй эхлэхээр болжээ.

Тухайлбал энэ сард гурван өдөр үргэлжлэх томоохон үдэшлэг Энэтхэгт болох бөгөөд үүнд нь орон орны тэрбумтнууд, томоохон бизнесмэнүүд, алдартнуудаас бүрдсэн 1,200 орчим хүн уригдсан байна.

Уригдсан хүндэт зочдын жагсаалтын хэсгийг олж авснаа Британийн “The Guardian” сонин нийтэлжээ.

Тэдний дунд Майкрософтын Билл Гэйтс, Метагийн Марк Закербэрг, Alphabet (Google-ийн толгой) компанийн Сундар Пичай, Самсунг Электрониксийн И Жэ Ён зэрэг эрхмүүд багтсан байна.

Мөн Adobe компанийн гүйцэтгэх захирал Шантану Нараен, Disney компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын охин Иванка нар багтжээ.

Болливүүдийн кино одод бас уригдсанаас гадна Америкийн поп од Рианна урилгаар дуулах юм байна.

зураг
 
Мукеш Амбани

Уригдсан тэрбумтнууд Амбанигийн гэр бүлтэй ажил хэргийн холбоотой хүмүүс байгаа юм.

Тухайлбал эцэг Амбанигийн гэргий Нита өнгөрсөн онд Билл Гэйтсийн Bill & Melinda Gates Foundation байгууллагатай хамтран нэг сая бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр эхлүүлсэн юм.

Мукеш Амбанигийн эзэмшдэг Reliance Industries группийн харьяа Jio Platforms компанид 2020 онд Мета компани $6 тэрбумын хөрөнгө оруулж байжээ.

Сундар Пичай, Шантану Нараен нарын хувьд энэтхэг гаралтай бизнесмэнүүд гэдэг утгаараа Амбанигийн гэр бүлтэй холбоотой байдаг.

Самсунг Электроникс 2017 онд Энэтхэг даяар харилцаа холбооны сүлжээ, багтаамжийг өргөтгөх чиглэлд Jio Platforms компанитай хамтын ажиллагаа эхлүүлж байсан юм.

Disney компанийн хувьд саяхан Энэтхэг дэх салбар компаниа Reliance групптэй нэгтгэх $8.5 тэрбумын гэрээ байгуулаад байгаа.

 

Эх сурвалж: Business Insider