1990-ээд онд Цагаан ордонд дадлагажигчаар ажиллаж байхдаа ерөнхийлөгч Билл Клинтонтой дотно харилцаа тогтоосон нь илэрч, дуулианы эзэн болж байсан Моника Левинский хувцас загварын шинэ бүтээгдэхүүний нүүр царай болжээ.
Мягмар гарагт Reformation компани өөрийн ажил хэрэгч хувцасны “You’ve Got the Power” нэртэй шинэ брэндийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм.
Уг брэндийг залуучуудын сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх зорилготой Vote.org байгууллагатай хамтран бүтээжээ.
Тухайлбал 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд залуу үеийнхнийг идэвхтэй оролцохыг уриалахдаа Левинскийг нүүр царай болгосон байна.
Reformation компанийн вэб сайтад Левинскийн төрөл бүрийн хувцастай авхуулсан гэрэл зургуудыг нийтлэхдээ завсар хооронд нь “Ирэх дөрвөн жилд гомдоллож суухгүйн тулд одоо сонгуульд саналаа өг” гэх мэт уриа үгсийг байрлуулжээ.
Шинэ үеийнхэн Левинскийг хэн болохыг сайн танихгүй.
Гэхдээ улс төрчдийн бохир амьдралын гэрч болж байсан хүнийг нүүр царайгаа болговол Gen Z үеийнхний сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх нөлөөтэй гэж тооцоолсон бололтой.
Левинский одоо 50 настай буюу Gen X үеийн төлөөлөгч юм.
“Залуучууд болон улс төрд төлөөлөл багатай өнгөт арьстнуудаар 2024 оны чухал сонгуульд түлхүү санал өгүүлэх зорилготой бидний хичээл зүтгэлд платформоо ашиглуулж буй Reformation болон Моникад бид талархаж байна” гэж Vote.org байгууллагын гүйцэтгэх захирал Андреа Хэйли мэдэгджээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!