Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Хаш-Эрдэнэ: “Монголын Хөрөнгийн Бирж” ХК 4.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

ikon.mn
2024 оны 2 сарын 27
IKON.MN
Зураг зураг

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа. 

-“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК 2022 оны сүүлчээр IPO хийж, хувьцаат компани болсон. Хуулийн дагуу компаниуд үйл ажиллагааны ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах эсэх тухай мэдээллээ олон нийтэд хүргэж байна. Танай байгууллагын хувьд?  

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийн  дагуу төрийн өмчит компаниудын 34 хүртэлх хувийг олон нийтэд санал болгон, нээлттэй компани болгох жагсаалт гарсан. Тус шийдвэрийн хүрээнд “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь төрийн өмчит бусад компаниудыг түүчээлэн 2022 оны 12 дугаар сард нийт хувьцааныхаа 34 хувийг нийтэд санал болгон, олон нийтийн компани болсон.  

Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн бүтэц шинэчлэгдсэн. Мэдээллийн ил тод байдал, ашигт ажиллагаа, компанийн засаглалыг сайжруулах төр засгийн оновчтой бодлогын үр дүнд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК нээлттэй компани болсноос хойш анх удаа хувьцаа эзэмшигчдэдээ 2023 оны ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаад байна.   

-Ногдол ашгийг хувь хэмжээ, хэрхэн хуваарилах талаар тодруулбал? 

-“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, компанийн 2023 оны жилийн эцсийн аудитын өмнөх санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашиг болох 8,699,165,845 төгрөгөөс нийт 4,349,252,518.99 төгрөгийг, нэгж хувьцаанд 12 төгрөг 41 мөнгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, холбогдох журмын дагуу “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулж ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгоно. 

МХБ татварын дараах цэвэр ашиг болох 8,699,165,845 төгрөгөөс нийт 4,349,252,518.99 төгрөгийг, нэгж хувьцаанд 12 төгрөг 41 мөнгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. 

-“Монголын хөрөнгийн бирж”-д бүртгэлтэй хувьцаат компаниудаас нийт хэдэн компани ногдол ашиг хуваарилахаа мэдэгдээд байгаа вэ? 

-Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид нийт 91 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ ирүүлсэн. Үүнээс нэр бүхий 41 хувьцаат компани нийт 800.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдэн, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК компани тус бүрээр олон нийтэд мэдээллээ. 

-Энэ үзүүлэлтийг өмнөх жилүүдтэй харьцуулбал хөрөнгийн зах зээлийн үр өгөөж хэр өсөн нэмэгдэж байгаа вэ? 

-Цар тахлын дараах үеэс чамлахааргүй үзүүлэлт ажиглагдаж байна. 2022 онд 41 хувьцаат компани 157.87 тэрбум төгрөг, 2023 онд 38 хувьцаат компани 653.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилж байсан бол 2024 онд нийт 41 хувьцаат компани 800.3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаа мэдэгдсэн. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 22.5 хувиар өссөн үзүүлэлт болсон. 

-Хувьцаат компаниудын ногдол ашгаа хуваарилж дуусах хуулийн хугацаа нь? 

-Компанийн тухай хуулийн 46.1, 46.5-д хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй байдаг. Түүнчлэн өнөөдөр /2024-02-27/ Санхүүгийн зохицуулах хороо “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолдоо өөрчлөлт орууллаа. Ингэснээр ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж дуусган, тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх үүрийг нийт хувьцаат компаниуд хүлээхээр болж байна. 

-Ярилцсанд баярлалаа.