Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлэг болов

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан болж, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 тогтоол гарч, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн энэ оны төсөвт тодотгол хийгээд байна” хэмээв.

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төсөлд 2024 онд хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай дараах төсөл арга хэмжээг тусгаад байна. 

Газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлснээр нийслэлд төвлөрүүлэх орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан. 

Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн засвар арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээ, хамгаалалтын зардлыг 27.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцов" гэв. 

НИТХ-ын төлөөлөгчид сургууль, цэцэрлэг, газар чөлөөлөлтийн талаар тодруулсан бөгөөд нийслэлийн удирдлагуудын зүгээс хүн амын нягтаршил ихтэй, томоохон хотхон, хорооллуудад улсын сургууль, цэцэрлэг барихаар хувийн хэвшлүүдтэй зөвшилцөж байгааг онцолсон юм.

Ийнхүү төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны өдөр хийхээр тогтлоо.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС