Хойд Америкийн Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн лиг (NBA)-д 21 жил тоглож буй Леброн Жэймс бэртэлгүй бол "Парис 2024"-д шигшээдээ зүтгэнэ гэдгээ зарлав. Түүнчлэн өдгөө 39 настай америк эр цаашид хэзээ зодог тайлахаа шийдээгүй байгаагаа ярьжээ.
"Хэрвээ эрүүл байвал шигшээдээ багтаж Францыг зорихдоо баяртай байх болно. Энэ улирлын дараа их спортоо орхих эсэхээ шийдээгүй. Бүх зүйл цаг нь ирэхээр шийдэгдэх болов уу. Бэртлээс их шалтгаална" гэж Леброн AFP-д өгсөн ярилцлагадаа онцолсон юм.
Парисын олимп лигийн улирал дууссаны дараа нээлтээ хийнэ.
Леброны хувьд Афины олимпоос хүрэл, Бээжин болон Лондоны олимпод алтан медаль хүртсэн. Харин Риогийн олимпын багт орохгүй гэдгээ мэдэгдэж байв. Гурван олимпод оролцсон ч ДАШТ-д 2006 онд оролцоод хүрэл медаль зүүсэн билээ.
Эх сурвалж: Inside The Games
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!