Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс энэ жил зуны цагийн хуваарьт шилжих үү?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2023 оны гуравдугаар сард зуны цагийн хуваарьт шилжих Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авч, шийдвэр гаргах асуудал яригдаж байсан ч хойшлуулсан.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "ЦХХХЯ болон Стандарт Хэмжилзүйн Газраас "Олон улсын байгууллагуудтай харилцаа үүсгэдэг техникийн зохицуулалтыг хийхэд хугацаа ордог" гэсэн тайлбар, санал ирүүлсэнтэй холбогдуулаад Засгийн газраас энэ асуудлаар шийдвэр гаргана. Гэхдээ энэ жилээс эхлэхгүй. 

Ирэх жилээс зуны цагийн хуваарьт шилжиж, мөрддөг байх нь манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө болон бусад асуудлаар ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас Засгийн газрын тогтоолыг гаргах нь зүйтэй гэсэн санал яригдаж байна. Тогтоолыг УИХ-д танилцуулж, Олон улсын байгууллагуудад хандана. Ирэх жилээс тогтмол цагийн хөдөлгөөн хийгддэг болох нь ач холбогдолтой" хэмээн мэдээлж байсан юм.

Тэгвэл энэ жил зуны цагийн хуваарь шилжих үү, бэлтгэл ажлын явц ямар шатанд байгааг Стандарт Хэмжилзүйн Газраас тодруулахад "Цаг урагшлуулах асуудлаар Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамтай хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсан. Олон улсын байгууллагууд руу албан ёсны мэдээллээ хүргүүлж, хариу ирсний дараа тодорхой чиглэл гаргах тухай Ажлын хэсэг нэг удаа хуралдахдаа ярилцсан. Бүх бэлтгэл ажлаа хангаж, Засгийн газарт саналаа хүргүүлнэ. 

Ажлын хэсгийг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны яам ахалж байгаа. Одоогоор зуны цагийн хуваарьт шилжих тухай тодорхой чиглэл гараагүй байна" гэлээ.

ЦХХХЯ: "Цаг урагшлуулах асуудлаар Засгийн газраас шийдвэр гарсны дараа холбогдох байгууллагуудад мэдээллээ өгнө".

Өнгөрсөн жил тогтоолын төсөлд гуравдугаар сарын 25-ны 02:00 цагаас есдүгээр сарын 30-ныг хүртэл зуны цагийн хуваарьт шилжүүлэхээр тусгасан байв.

"Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг" хэмээн ЗГХЭГ-ын дарга тайлбарлаж байсан юм.

зураг
 

Манай улс 2015 оноос зуны цагийн хуваарьт шилжиж байсан ч 2017 онд цуцалжээ.