Америкийн бүх тэрбумтнууд нэг бол өөрийн бизнесийг үүсгэн байгуулсан, эсвэл их хэмжээний хөрөнгө өвлөж авсан хүмүүс байдаг.
Тэгвэл эдгээрийн аль ч замаар баяжаагүй, зөвхөн бусдын компанид ажиллаад тэрбумтан болсон 26 хүн байгааг Форбс сэтгүүл саяхан танилцуулжээ.
Тэд бол АНУ-аас төрөн гарсан 760 тэрбумтны ердөө 26 нь юм байна.
Ийм тэрбумтнуудыг Майкрософтын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Стив Балмер $143 тэрбумын хөрөнгөөр тэргүүлжээ.
Тэрбээр Майкрософтын 4 орчим хувийг эзэмшдэг юм.
Балмер 1980 онд тус компанид үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн туслахаар ажилд орж, 2000-2014 онуудад гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байжээ.
Өнөөдөр тэр тэрбумтнуудын жагсаалтад боссынхоо (Билл Гэйтс) ард, ердөө $3 тэрбумын зөрүүтэй жагсаж байна.
Гүйцэтгэх ажил эрхлээд тэрбумтан болсон хүмүүсийн дотор технологийн салбарынхан том байр эзэлжээ.
Тухайлбал Гүүглийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмидт ($21 тэрбум), Майкрософтын программын ерөнхий архитектор асан Чарльз Симони ($7.3 тэрбум), Фэйсбүүкийн дэд ерөнхийлөгч асан Жэф Ротшилд ($5.7 тэрбум), eBay компанийн ерөнхийлөгч асан Жэф Сколл ($4.3 тэрбум), Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күк ($2.1 тэрбум) нар үүнд багтаж байна.
Уг жагсаалтыг бүрдүүлэгч бас нэг том салбар нь банк санхүү болжээ.
Үүнд Veritas Capital-ийн гүйцэтгэх захирал Рамзи Мусаллам ($9 тэрбум), JPMorgan банкны гүйцэтгэх захирал Жэми Даймон ($2 тэрбум), Goldman Sach банкны гүйцэтгэх захирал асан Ллойд Бланкфэйн ($1.2 тэрбум) нар багтсан байна.
Тэрбумтнуудын жагсаалтад технологи болон банк санхүүгийн бус салбарын хоёрхон хүн оржээ.
Тэд бол түүхий эд арилжааны Glencore компанийн нүүрсний салбарын захирал асан Тор Питерсон ($2.4 тэрбум), барилга угсралтын NVR компанийн гүйцэтгэх захирал асан Пол Савилл ($2.2 тэрбум) нар юм.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!