Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн буриад зоны Алтаргана наадмын үеэр 50 мянган хүн ирэх тооцоолол гарсан"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 2 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ОХУ-ын Улаан-Үд хотод энэ сарын 2-нд дэлхийн буриадуудын их хурал болжээ. Энэ талаар болон "Алтаргана" дуун цэнгүүний талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. 

Энэ талаар Буриад зон олны төлөөлөл "Цар тахал, дайн дажин гээд сүүлийн үед буриад зоны их хурлыг зохион байгуулаагүй. Энэ хурлаар дэлхийн 34 оронд тархан суурьшсан буриадууд маань нэгдмэл бодлогоор цаашид үйл ажиллагаагаа явуулах зорилгоор шинэ тэргүүнээ сонголоо. 

Уг хурлаар олон асуудал яригдсаны дотор буриад хэлээ хэрхэн хадгалж үлдэх талаар хэлэлцсэн. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын тодорхойлсноор буриад хэлийг устах магадлалтай хэлний тоонд оруулсан. 

Өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд "Алтаргана" наадам чухалд тооцогддог. Тиймээс ирэх долдугаар сарын 26-28-нд Булган аймгийн төвд дэлхийн буриад зон олны "Алтаргана" олон улсын наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ наадамд урьдчилсан байдлаар дэлхийн 34 орноос 50 мянга гаруй хүн оролцоно гэж таамаглаж байна. Өмнө нь Улаан-Үүд, Эрхүүд "Алтаргана" наадмыг зохион байгуулахад 60-80 мянган хүн цугларсан гэсэн тооцоолол бий. 

Энэ жилийн Олон улсын наадмын гол зорилго бага насны хүүхдүүд рүү чиглэж буй.

Буриад зон бол Монголын нэг хэсэг. Монголын нууц товчоонд 3,850 буриад үг бий. Ийм эртний хэлээр буриад зон хоорондоо ярьж хэлэлцдэг. Энэ хэлээ залуу үедээ хадгалж үлдээх нь "Алтаргана" наадмын зорилго юм. 

Мөн дээрх хурлаар Дэлхийн Буриадуудын Холбоо гэж шинээр байгуулахаар болсон. Энэ холбооны төв нь Улаанбаатар хотод байрлана. Гол зорилго нь дэлхийн 34 оронд тархсан буриадуудыгаа нэгтгэх. 

ОХУ-д болж буй дайны уршгаар Монголд 22,800 орчим буриад орж ирсэн. Тэдний зарим нь Монголд ажиллаж амьдарч байгаа бол ихэнх нь гуравдагч улс руу цагаачилсан. Монголд амьдарч байгаа буриадуудтайгаа бид хэл, соёлын ялгааны улмаас хамтрахад асуудал үүсэж буй тул энэ холбоог байгуулсан. 

Монголчууд маань дээрх буриадуудад зориулж хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгч, халуун сэтгэлээр дэмжиж байгаад талархаж явдаг" гэж ярилаа.