Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхтуяа: Хүчин төгөлдөр гэрчилгээтэй байгаа улс төрийн 37 нам Дээд шүүхэд дахиж бүртгүүлэх шаардлагагүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

“Улс төрийн намын бүртгэл” сэдэвт уулзалт Улсын дээд шүүхэд өчигдөр зохион байгуулагджээ. 

Тус хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид, Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ болон Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын төлөөлөл, мөн улс төрийн намын эрх бүхий төлөөлөгчид оролцов.

Энэ үеэр байр сууриа илэрхийлсэн оролцогчид болон тайлбар мэдээлэл өгсөн Улсын дээд шүүхийн шүүгчдийн ярианаас тоймлон хүргэж байна.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа: Монгол Улсын дээд шүүх нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад л хамгийн гол анхаарлаа хандуулна гэсэн үг. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн агуулгатай зүйл. Тийм учраас Улсын дээд шүүх ямар нэг байдлаар хуулиар заагаагүй асуудлаар эсвэл журмаараа намуудад төвөг чирэгдэл учруулах ямар ч сонирхол байхгүй.

Харин Улс төрийн намын тухай шинэ хуультай холбоотой хууль хэрэглээний нэгдмэл ойлголтыг буй болгох хэрэгтэй гэж бодож байна. Хуулийг Дээд шүүх, УБЕГ, СЕХ өөр өөр янзаар ойлгодог байж ерөөсөө болохгүй.

Энэ ойлголтын зөрүүд чирэгдэх хүмүүс бол улс төрийн намын гишүүд, байгууллага болох гээд байна. Тиймээс л ойлголтоо нэгтгээд, дагаж мөрдөх журмаа  тодорхой болгоод авбал цаг заваа хэмнэх ач холбогдолтой.

Хуулийн этгээдийн Улсын  бүртгэлийн газрын дарга Ж.Аюуш: Улс төрийн намын нэрийн баталгаажуулалтын хуудас олгох, хяналтын дугаар олгох чиг үүрэг  нэгдүгээр сарын 1-нээс Улсын дээд шүүх рүү шилжсэн байгаа.

Улс төрийн намын бүртгэл Дээд шүүх дээр хийгдээд нэр болон тамганы бүртгэл УБЕГ-т хийгддэг хоёрдмол асуудлыг нэг байгууллагад төвлөрүүлснээрээ ач  холбогдолтой болсон гэж үзэж байна.

Монголын Социал демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сандуйжав: Өдгөө хүчин төгөлдөр гэрчилгээтэй байгаа 37 намын бүртгэлжүүлэлтийн асуудал Улсын дээд шүүхэд шилжлээ гэж байна. Тэгвэл одоо байгаа улсын бүртгэлийн гэрчилгээгээ дахиж шинэчлэх шаардлагатай юу.

Түүний асуултад Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ц.Мөнхтуяа “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын тухай хууль долдугаар сарын 7-ны өдөр хамт батлагдсан.

Энэ хуулийн нэгдүгээр зүйлд “Улс төрийн намын тухай шинэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн намыг дахин бүртгэхгүй” гэж заасан байгаа. Тэгэхээр намууд дахиж бүртгүүлж, гэрчилгээ авах шаардлагагүй.

Харин долдугаар сарын 1-нээс хойш зургаан сарын дотор намын дүрмээ энэ хуульд нийцүүлээд шинэчлээд бүртгүүлэх ёстой” хэмээн хариулав.

Хэлэлцүүлгийн зургуудаас:

 

Эх сурвалж: Монгол Улсын Дээд Шүүх