Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн хаалт өнөөдөр болж төслийн хүрээнд гарсан сайн туршлага болон орон нутаг дахь тогтолцоо, сургууль, цэцэрлэгт бий болсон өөрчлөлтийн талаар хэлэлцлээ.
Төсөл хэрэгжсэн Сонгинохайрхан дүүргийн 253 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Байгалмаа "Хорооны эмч цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн судалгааг гаргаж хамтарч ажилласнаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж гарсан юм.
Мөн Монгол Улсын Боловсролын Их Сургууль(МУБИС)-д тусгай хэрэгцээт боловсролоор мэргэшиж төгссөн багшийг авч ажиллуулсан. Үр дүнд нь бусад багш нар мэргэжлийн багшаас суралцах, ачаалал багасах, эцэг эхчүүд хүүхдийнхээ талаар мэргэжлийн багшаас зөвлөгөө авах гэх мэт сайн үр дүнгүүд гарсан.
Төсөл хэрэгжихээс өмнө бусад эцэг эх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хамт хүүхдээ сургамааргүй байна гэдэг байсан бол одоо хөгжиж байгаа хүүхдүүдийг хараад хүлээн зөвшөөрч ойлгодог болсон.
Түүнчлэн эцэг эхчүүд хүүхэд нь анх хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдоход хүлээн зөвшөөрдөггүй байсан. Ийм нөхцөлд эртхэн оношлуулж шаардлагатай дэмжлэгийг нь мэдчих юм бол айгаад байх зүйл байхгүйг ойлгуулдаг.
Хүүхдийг нь хөгжлийн бэрхшээлтэй гээд цэцэрлэгээс хасахгүй, дэмжиж ажиллана гэдгийг ойлгуулснаар хүүхдийн хөгжилд ч ахиц гарч эхэлдэг.
Сургуулиудтай хамтран ажиллаж өнгөрсөн хичээлийн жилд нэг хүүхэд, энэ жил хоёр хүүхэд сургуульд орох гэж байна. Эцэг эхчүүд хүүхдээ тусгай сургуульд өгье гэдэг. Гэхдээ эхлээд гэртэй нь ойрхон энгийн сургуульд явуулаад үз гэж зөвлөдөг" гэв.
Төслийн зорилтод сургуулиудад болон түүнээс гадна хоёр сургуульд тусгай хэрэгцээт боловсролд зориулсан анги танхимыг тохижуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ариун цэврийн 30 өрөө, хөгжлийг дэмжих найман танхимыг байгуулсан байна. Мөн 11 сургууль, таван цэцэрлэгт хүүхдийн хараа, сонсгол, харилцаа, хөдөлгөөнийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!