Их хотын залуусын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газруудын нэг болох “Тэнгис” кино театрын хамт олон энэ онд үйлчлүүлэгчиддээ олон, олон сюрприз барихаар бэлджээ.
Техник, технологийн хувьд шинэчлэгдэхийн зэрэгцээ Монголынхоо уран бүтээлчдийг дэмжин ажиллаж, нийгмийн үйлсэд гар бие оролцохоор төлөвлөсөн байна.
Энэ талаар “Тэнгис” кино театрын маркетингийн ахлах менежер Д.Цэнгэлтэй ярилцлаа.
-Шинэ он гараад хэдхэн хонож байна. Танай хамт олны зүгээс энэ онд хийж хэрэгжүүлэхээр ямар ажлуудыг төлөвлөөд байна вэ. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?
-Юуны өмнө уншигчиддаа шинэ оны мэнд хүргэе. “Ялалт” кино театр нэлээд эртнээс үйл ажиллагаагаа эхлүүлснийг манай уншигчид санаж байгаа болов уу. Харин “Тэнгис" буюу "Улаанбаатар Синема" ХХК нэрээрээ 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Өнгөрсөн онд манай хамт олон нэг сая гаруй хүнд үйлчилж, 35 гаруй Монголын уран сайхны кино, 42 орчим Холливудын бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгожээ. Мөн залууст үйл ажиллагаагаа илүү ойртуулах зорилгоор онлайн худалдааг бий болгосон.
Онлайн худалдаанаас тасалбар худалдаж авах боломжтой. Заавал бүртгүүлж, хувийн мэдээллээ оруулах шаардлагагүйгээр https://ticket.tengis.mn/ гэсэн хаягаар ороод тухайн өдрийнхөө үзвэрийн хуваарийг хараад суудлаа сонгон төлбөрийнхөө сонголтыг хийх боломжтой.
Тун удахгүй “Хаан” банк болон Mostmoney үйлчилгээг нэвтрүүлнэ. Дээрх банкнаас бусад бүх арилжааны банкаар дамжуулан төлбөрөө хийх боломжтой. Төлбөрөө хийсний дараа таны и-мэйл хаягаар тасалбар очих болно. Тасалбараа хэвлээд манай кино театрт авчирснаар дахиж кассанд очилгүй тасалбараа шууд скайнардуулаад үзэх боломжтой. Үүнээс илүү үйлдэл хийх шаардлагагүй.
Түүнээс биш заавал кино театрт үзвэр үзэхийн тулд өөрийн биеэр очиж тасалбар захиалах, тасалбар нь дуусчихсан болов уу гэж эмээх шаардлагагүй болсон. Мөн нийгмийн сүлжээгээр дамжуулан үйлчилгээгээ залуустаа ойртуулахаар хичээн ажиллаж байна.
Тухайлбал, Tengis Cinema гэсэн Facebook хуудсаар дамжуулан онлайн худалдааг явуулж байна. Энэхүү хуудсыг гар утсаар дамжуулан ашиглахын тулд Андройд болон Iphone дээр tengis гэсэн апликэйшныг суулгаад, тасалбар захиалга гэсэн хэсэг дээр дараад холбогдох боломжтой болсон.
Харин компьютер дээрээс facebook хуудсаар шууд холбогдох боломжтой байгаа. Хэрвээ и-мэйл хаягаа бүртгүүлэх юм бол бид тухай бүрт нь шинэ мэдээ, мэдээллийг танд хүргэх болно. Түүнчлэн бид вэб сайтын мэдээллээ англи хэл дээр хөрвүүлэн хүргэж байна.
Монголд ажиллаж, амьдарч байгаа гадны иргэд Холливудад нээлтээ хийж байгаа киноноос хоцрохгүй үзэхийг хичээдэг. Гэтэл тэдэнд хаана, ямар кино гарч байгаа талаархи бодит мэдээлэл байдаггүй. Тиймээс ч бид үйлчилгээгээ илүү ойлгомжтой болгох үүднээс мэдээллээ англи хэл дээр хөрвүүлсэн.
-Өнгөрсөн онд Монголын 30 гаруй уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгосон гэлээ. Цаашид ер нь уран бүтээлчдээ дэмжиж ажиллахад танай зүгээс хэрхэн анхаарч байна вэ?
-Бид Монголын уран бүтээлчдийг дэмжиж ажиллах бодлого баримтлан ажиллаж ирсэн. Энэ онд ч гэсэн дэмжиж ажиллах болно. Манайд мэдэгдэх хуудас ирснээр өөрсдийнхөө төлөвлөгөөнд оруулдаг. Одоогоор ирэх дөрөвдүгээр сар хүртэл Монголын киночид маань ямар уран бүтээл туурвихаар төлөвлөөд байгаагаа бидэнд мэдэгдээд байна.
Ер нь төлөвлөгөө гэдэг бол амжилтын үндэс байдаг. Тиймээс гэнэт санаагаа бодож олоод яаран сандран түүхий бүтээл гаргах биш чанартай, олон улсын стандартад нийцэх бүтээл хийх шаардлагатай гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Киночид маань зөвхөн Монголын зах зээлээр хязгаарлагдахгүй олон улсад өрсөлдөхүйц бүтээл, зохиолынхоо дагуу хийх ёстой.
Ер нь аливаа зүйл ил тод нээлттэй болох нь тэнд шударга харилцаа явагдаж байгаагийн илэрхийлэл гэж боддог
Ер нь ажлаа анхнаасаа хэрхэн эхэлсэн нь эцсийн үр дүнд шууд хамаарна. Өнгөрсөн хугацаанд “Алсын удирдлага”, “Шарга даага” зэрэг кинонууд Пусаны кино наадамд амжилт үзүүлсэн. Энэ сарын 10-нд “Шарга даага”, ирэх сарын 28-нд “Алсын удирдлага” кинонууд “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна. Үүнээс гадна уран бүтээлчид маркетингийн ажилд анхаарах хэрэгтэй.
Киночид маркетинг гэхээр телевизүүдэд сая саяар нь мөнгө цацдаг. Гэтэл Холливудад кино эхлэхээс өмнө маркетингаа эхлүүлсэн байдаг. Хэрвээ киночид маркетингаа хэрхэн хийхээ мэдэхгүй байвал мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Миний хувьд сүүлийн үед хамгийн сайн маркетинг хийсэн бүтээл гэвэл “Зоорь” УСК-г нэрлэх байна.
Нэгдүгээрт, тус киноны зохиол хүмүүст хүрсэн байсан. Хоёрдугаарт, залуусын сонсох дуртай дуучин дууг нь дуулсан гээд хэд хэдэн давуу тал харагдаж байгаа юм. Мөн тус киноны уран бүтээлчид нийгмийн сүлжээг маш сайн ашиглаж байна.
Одоогийн байдлаар нээлтээ хийх өдөр нь тодорхойгүй байхад л 5-6 хүн “Тэнгис” кино театрт хандаж, хэзээ нээлтээ хийхийг нь лавласан байх жишээтэй. Энэ бол хүмүүст хүрсний илэрхийлэл шүү дээ. Түүнчлэн бид оны өмнөхөн хамгийн их ашиг орлоготой байсан уран бүтээлийг шалгаруулж, цом гардуулсан.
“Тэнгис” кино театрын зүгээс “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд цомоо гардуулсан. Тус киног есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл хоёр сарын хугацаанд 64 мянган хүн үзсэн байна. ШӨХТГ-ын мэдээлэлд 700 гаруй сая төгрөгийн ашиг, орлого олсон гэж дурьдсан байсан. Тэгэхээр үнэхээр чадаж байгаа хүмүүсийг “Тэнгис” кино театрын зүгээс дэмжиж, гадаад харилцааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах болно.
-Сүүлийн үед “Тэнгис” кино театрын хувьчлалын асуудал олны анхаарлыг татаж байна. Нөгөөтэйгүүр иргэдийн дунд хувьчлалаас болж үйл ажиллагаа нь доголдож, чиг үүрэг нь өөрчлөгдөх вий гэсэн болгоомжлол байна л даа?
-“Тэнгис” кино театрын үйлчилгээ, үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орж, доголдохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Кино театр бол хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг онцгой объект. Ер нь аливаа зүйл эзэнтэй болоод эрэг нь усаа хашаад эхлэхээр үйл ажиллагаа нь дээшилнэ үү гэхээс муудахгүй.
Тиймээс ч “Тэнгис” кино театр бүрэн хувьчлагдсанаар үйл ажиллагаа нь илүү сайжирч, үйлчилгээ нь ил тод нээлттэй болох болно. Эзэнтэй болохоор илүү өөриймсөг хандаж, миний юм шүү, өөрийн юм шүү гэсэн сэтгэлээр үйл ажиллагаагаа явуулах болов уу.
Ер нь аливаа бизнесийн байгууллага үйлчлүүлэгчдийнхээ санал бодлыг илүүтэй сонсч, үйл ажиллагаандаа тусгадаг бол төрийн байгууллагууд энэ тал дээрээ сул байдаг.
-Бусад соёл урлагийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ?
-Нэг зүйлийг сонирхуулахад өнгөрсөн оны аравдугаар сард ССАЖЯ, “Тэнгис” кино театр, “Урлагийн зөвлөл” хамтраад олон улсын кино фестивалийг зохион байгуулсан. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Солонгосын кино өдрүүдийг зохион байгууллаа.
Тиймээс ч дээрх үйл ажиллагаа энэ онд ч мөн адил үргэлжилж, соёлын үйл ажиллагааг түлхүү явуулах болно гэдгийг дуулгахад таатай байна. Одоогийн байдлаар Канад, Туркийн элчин сайдууд төлөвлөгөөнд орсон. Үүнээс гадна нийгэмд хандсан үйл ажиллагаанд түлхүү оролцохоор төлөвлөсөн.
Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг богино хэмжээний кино наадам зохион байгуулах, доноруудыг үзвэрийн тасалбараар урамшуулах зэргээр нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд гар бие оролцоход бэлэн байна.
Өмнө нь нийгмийн үйлсэд төдийлөн идэвхтэй оролцдоггүй байсан бол энэ удаад та бүхэн албан бичгээ бариад манайд хандахад бид хамтарч ажиллахад хэзээд бэлэн байгаа шүү гэдгээ танай сониноор дамжуулан уламжилъя. Манай үүд хаалга та бүхний өмнө хэзээд нээлттэй шүү гэж хэлмээр байна. Учир нь манай менежментийн баг өөрчлөгдсөн. Тиймээс энэ ондоо “Тэнгис” кино театр арай өөр арга барилаар ажиллахаар төлөвлөөд байгаа.
-ШӨХТГ уран бүтээлчдийн ашиг, орлогыг нээлттэй болгосон нь иргэдийн зүгээс талархал хүлээсэн. Таны хувьд хэр үр дүнтэй ажил болсон гэж бодож байна вэ?
-Ер нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хэн ч хуульд захирагдаж, хуулийг чандлан мөрдөх ёстой. Энэ дагуу гаргасан шийдвэр, бид ч түүнийг нь даган мөрдөж байна. Өмнө нь уран бүтээлчид ашиг орлогоо нуун дарагдуулах, хэн нь хэдэн төгрөгийн ашиг орлого олоод байгаа нь бүрхэг байдаг байсан.
Бидний хувьд уран бүтээлчидтэй долоо хоног бүр тооцоо хийдэг. Цэнхэр дэвтэртээ орлогоо бичүүлээгүй байвал орлогыг нь шилжүүлэхгүй байх зэргээр ажилладаг л даа. Ер нь аливаа зүйл ил тод нээлттэй болох нь тэнд шударга харилцаа явагдаж байгаагийн илэрхийлэл гэж боддог.
Даваасамбуугийн Цэнгэл /Тэнгис Кино Театрын Ахлах Менежер/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|