Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавантолгойн ордыг 100 жилээр өгөх сонирхолтой бүлэглэл амьд. Ц.Элбэгдоржийн, Ч.Сайханбилэгийн, Баяннуурын хужаа нар байна"

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. 

Шүүх хуралдаанд нэр бүхий гэрч нарыг оролцуулах шийдвэр гарсан тул шүүх хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан юм. 

Шүүх хурлын дараа ЕТГ-ын дарга асан З.Энхболд өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Жилийн өмнө эхэлсэн нүүрсний хулгайтай намайг холбох гэж МАН болон хуулийн байгууллага оролдсон. Өнөөдрийн шүүх хурал нүүрсний хэрэгт огт холбоогүй. 

Б.Энх-Амгалан сайдын хувийн компаниар улсын барих ёстой замыг бариулсан, эрх олгосон тухай тушаалыг шүүж байна. Би яаж Б.Энх-Амгалан сайдын тушаалтай холбогдсоныг мэдэхгүй, прокурор мэдэх байх. 

Бид хоёр хоорондоо тиймэрхүү зүйл ярих хэмжээний танил биш. Энэ шүүх хурал дээр л юу болсон тухай мэдээлэл авч байна. Ер нь Монгол Улсад Тавантолгойн ашиг нь үлдэх ёстой гэсэн 2010 оны УИХ-ын тогтоол байгаа. 

Нүүрсний сонсгол гэсэн зүйлийг харж байгаа байх. Яагаад Хятад улсад ашгийг нь хүртээхгүй байгаа, зүүн тийшээ зам тавьж байгаа юм гэсэн бүлэглэл байна. Тэр бүлэглэлтэй нь яриагүйгээс болж Б.Энх-Амгалан сайд бид хоёрыг яллагдагч болгож байна. 

"Страто" компани надтай ямар ч хамааралгүйг 2015 оны тавдугаар сард прокурорын байгууллагаас тогтоосон. Энэ компанитай хамааралтай гэж гүтгэдэг нь Хятад руу нүүрсээ гаргаж өг гэдэг бүлэглэлийн зохиосон цуурхал.

Энэ асуудлаар ахиж оруулж ирж байгаа нь тэр бүлэглэл Хятадын нүүрсний бүлэглэлтэй хуйвалдаж байна хэмээн харж байгаа. Шүүх үнэн зөвийг нь ялгаад өгнө. 

АТГ-ын М.Даваатогтох комиссарын хийсэн мэдэгдэл гүтгэлэг болж таарсан. Би бүтэн жил мөрдөн байцаалтын нууц гээд юу ч дуугараагүй. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл намайг дахин нүүрсний хэрэгтэй холбож бичихийн бол нэр төрөө сэргээлгэхээр их хэмжээний мөнгө нэхэмжлэх болно. Б.Энх-Амгалан сайдын гаргасан тушаалд З.Энхболд буруутай юу гэдгийг шүүх нотлох гэж байна. 

Нүүрсний сонсголд дуудна гэж хүлээсэн боловч байхгүй. АТГ-ын М.Даваатогтох гэж нөхөр нэг жилийн өмнө 17 хүний нэр уншсанаас УИХ-ын долоон гишүүн байсан. Үүнээс Б.Ганхуяг бид хоёроос бусдынх нь хэрэг шүүхэд шилжээгүй байна. АТГ-ын хариуцлагагүй хийсэн мэдэгдлээс болж нэр хүндээрээ хохирлоо. 

Монголын Эм Си Эс Хятадын Шинхуа хоёр Тавантолгойн ордыг үнэгүй авахаар 100 жилийн гэрээ хийсэн байсныг 2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны УИХ-ын чуулганаар зогсоосон. 

Жилийн өмнө нүүрсний хэрэг гэх нэрийг надад заасан. Гэтэл энэ хэргийг нотолж чадахгүй бүтэн жил мөрдөн байцаалт явуулсан. Үүнийг хамгийн богино замаар урагшаа гаргаад Баяннуурт боловсруулах гэсэн Хятадын нүүрсний бүлэглэл, УИХ-ын гишүүд, хуулийн байгууллагуудын гүтгэлэг гэж ойлгож байна. 

Энэ гүтгэлэг нь шүүхийн хаалга давахгүйгээр хүчингүй болж байна. Лам олдохгүй бол буцахдаа залъя гэдэг шиг Б-Энх-Амгаланг над дээр наасан. Б.Энх-Амгалан яам дээрээ ямар шийдвэр гаргаж байгааг би мэдэхгүй.  

Тавантолгойн ордыг 100 жилээр өгөх сонирхолтой бүлэглэл амьд байгаа. Ц.Элбэгдоржийн, Ч.Сайханбилэгийн, Баяннуурын баахан хужаа нар байна. Тавантолгойн зургаан ордын хоёр нь хувьд шилжсэн байна. МАН-ын Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компани Бор тээгийн ордыг хувьчилж авсан талаар нүүрсний сонсголоор мэдсэн" хэмээн ярилаа.