Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд 200 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ.
Цэцэрлэгийн барилгын зураг төслийг “Автокад” ХХК, ерөнхий гүйцэтгэлийг “Чандмань Буудай” ХХК хийж, аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар хяналт тавьж ажилласан байна.
Сургуулийн өмнөх насны хүүхдийг ая тухтай орчинд сургаж, төлөвшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгааг Боловсролын Ерөнхий Газраас мэдээлэв.
Боловсролын салбарын ирэх оны нийт төсөв 4.3 их наяд төгрөг байна. Ирэх онд ₮606 тэрбумаар сургууль, цэцэрлэг барьж, ₮51 тэрбумаар тоног төхөөрөмж авахаар төлөвлөжээ.
Харин өмнөх онуудаас шилжин хэрэгжиж буй нийт 230 орчим төсөл байгаа бөгөөд 374.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцоолжээ. Эдгээрээс 200 гаруйг нь ирэх онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ нь биелбэл улсын хэмжээнд 90 орчим цэцэрлэг, 80 орчим сургууль шинээр үүдээ нээх нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!