Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хенри Киссинжер агсан яагаад 100 насалснаа мэддэггүй байжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын домогт төрийн зүтгэлтэн Хенри Киссинжер 100 насандаа таалал төгссөн билээ.

Хүмүүс түүнийг яаж ийм өндөр насалсныг сонирхдог байв. Киссинжер хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар хөндөж байжээ.

“Яаж 100 насалсан бэ гэж үү. Би мэдэхгүй юм. Үнэндээ би ийм өндөр наслах зорилт тавьж байгаагүй” гэж тэр сэтгүүлчийн асуултад хариулж байв.

Энэ хариулт илүү ихийг хүсэн хүлээж байсан хүмүүсийн урмыг хугалсан нь гарцаагүй.

Киссинжерийн хүү Дэвид энэ оны эхээр Вашингтон Пост сонинд эцгийнхээ амьдралын хэв маягийн талаар бичиж байжээ.

Сонирхолтой нь ахмад дипломатч тийм ч зөв амьдралын хэв дадалтай хүн биш байсан байна.

“Хоолондоо зайдас, шницель голдуу хэрэглэдэг, хэцүү шийдвэр гаргахыг байнга шаарддаг стресстэй ажил насаараа хийсэн, спортоор огт хичээллэж байгаагүй, зөвхөн үзэгч байсан” гэх зэргээр Дэвид аавынхаа тухай бичиж байв.

Өөрөөр хэлбэл эрүүл биш хооллож, стресс ихтэй ажиллаж, дасгал хөдөлгөөн хийдэггүй байжээ.

Харин дундаршгүй сониуч зантай, тавьсан зорилгодоо заавал хүрэх эрмэлзэлтэй хүн байсныг бичсэн байна.

Киссинжер агсан нас барах хүртлээ зогсолтгүй ажилласаар байсан нь үүнийг баталж байгаа юм. Тэрбээр энэ оны долдугаар сард 100 нас хүрснээсээ хойш хоёр сар орчмын дараа Бээжинд зочилж, Хятадын төрийн тэргүүнтэй хоёр улсын харилцааны талаар ярилцаж байв.

Киссинжерийг шаргуу ажилсаг хүн байсныг өөр эх сурвалжууд ч баталдаг.

Тухайлбал 2022 онд хиймэл оюуны талаар Киссинжертэй хамтран ном бичиж хэвлүүлсэн Google компанийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмидт энэ талаар ярьж байжээ.

“Тэр 40 настнаас ч илүү шаргуу ажилладаг байсан. Тэр өглөөнөөс орой болтол ажилладаг. Гэр бүлтэйгээ оройн хоол идсэнийхээ дараа шөнө сууж ажилладаг байсан. Түүний урт наслалтын нууц нь ажил хөдөлмөр юм байна гэж би эндээс ойлгосон” гэж Шмидт ярьж байв.

“Хенригийн идэвхтэй байдал, сониуч зан, зорилгодоо үнэнч чанар, үе үеийнхний ажил үйлсэд оролцох оролцоо нь урт наслалтын гол цөм гэж би бодож байна. Үүнд бас сайн ген, эрүүл мэндийн аливаа асуудлаа яаралтай шийдвэрлэхэд шаардлагатай мөнгөтэй нь бас нэмэр болсон байх. Хэдийгээр спортоор хичээллэдэггүй ч тэр байнга хөдөлгөөнтэй байсан. Тэр хэзээ ч удаан сууж байгаагүй гэж би боддог. Амжилттай өтлөхөд нь түүний идэвхтэй, шинийг эрэлхийлэгч сэтгэлгээ, үзэл бодлоо бусадтай хуваалцах, сонсгох боломж чухал байсан байх” гэж Шотландын Глазгоу Каледонын их сургуулийн анагаах ухааны профессор Даун Скелтон тайлбарлажээ.

Өндөр наслахад удамшлын хүчин зүйл нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг. “Сайн ген бол гайхалтай үнэт зүйл” гэж Скелтон профессор нэг удаа хэлж байжээ.

Тухайлбал Киссинжерийн эцэг, эх хоёр 95 ба 97 насалсан юм байна.

Нэг судалгаанд өгүүлснээр хүн 90 наслахад ген 30 хувь, амьдралын зөв хэв маяг 70 хувь нөлөөлдөг гэнэ.

Харин 110 наслахад генетик 70 хувийн нөлөөтэй гэж дүгнэжээ.

Өөр нэг хүчин зүйл нь нийгмийн харилцаа гэдэг. Британийн Глазгоу их сургуулийн эрдэмтдийн хийсэн нэг судалгаагаар үр хүүхэд, найз нөхөдтэйгөө сард ядаж нэг удаа уулздаг ахмадууд үүнээс цөөн уулздаг үеийнхнээсээ урт насалдаг нь тогтоогджээ.

 

Эх сурвалж: Business Insider