Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын удирдагчид Хенри Киссинжер агсанд гүн хүндэтгэл үзүүлэв

Т.Давааням, ikon.mn
2023 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт АНУ-ын ахмад дипломатч Хенри Киссинжер 100 насандаа таалал төгссөн билээ.

Хүйтэн дайны оргил үед төрийн нарийн дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг хашиж байсан тэрбээр АНУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтооход гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Хэдийгээр Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азийн орнуудад болсон дайн мөргөлдөөн, төрийн эргэлтүүдэд шууд оролцсон гэх шүүмжлэл салдаггүй ч Киссинжерийн нэр хүнд Хятадад маш өндөр байдаг.

Пүрэв гарагт Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Чян, гадаад хэргийн сайд Ван И нар тус тусдаа АНУ-ын холбогдох албан тушаалтнуудад эмгэнэлийн захидал илгээжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд илгээсэн захидалдаа Ши Жиньпин талийгаачийн гэр бүлд Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлсэн тухай Шиньхуа агентлаг мэдээлсэн байна.

“Доктор Хенри Киссинжер бол дэлхий дахинд алдаршсан стратегич, Хятадын ард түмний хуучны сайн найз байсан юм. Тэрбээр Хятад-Америкийн харилцааг хөгжүүлэх, хоёр улсын ард түмний найрамдал нөхөрлөлийг сайжруулахад амьдралаа зориулсан хүн билээ. Киссинжерийн нэр Хятад-Америкийн харилцааны түүхтэй мөнхөд холбогдох болно” гэж Ши Жиньпин захидалдаа өгүүлжээ.

зураг
 

Киссинжер нь Мао Зэдунээс эхлээд Ши Жиньпин хүртэл Хятадын бүх удирдагчидтай нүүр тулан уулзаж байсан цорын ганц Америк хүн гэгддэг.

Энэ оны долдугаар сард 100 нас зооглоод удаагүй байсан тэр Бээжинд зочлохдоо Ши Жиньпинд бараалхаж байв. Хоёр орны харилцаа муудаж, Цагаан ордны өндөр албан тушаалтнуудад ч Хятадын төрийн тэргүүнтэй уулзах боломж ховор олдож байхад энэ бол ховор үзэгдэл байлаа.

зураг
 

Ричард Никсоноос эхлээд Дональд Трамп хүртэл АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нар Хятадтай хэрхэн харилцах талаар Киссинжерийн зөвлөгөөг сонсож байжээ.

Киссинжерийг нийтдээ 100 гаруй удаа Хятадад ирж байсныг Шиньхуа агентлаг мэдээлсэн байна.

Өнгөрсөн хавар 100 насных нь ойд илгээсэн баярын мэндчилгээндээ Ши Жиньпин түүнийг “мөс зүсэгч, зам мөр гаргагч” хэмээн магтаж байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post