Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Украины тагнуулын байгууллагын тэргүүний эхнэрийг хордуулжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Украины цэргийн тагнуулын албаны (ГУР) тэргүүн Кирило Будановын эхнэрийн биеэс хүнд металлын хордлого илэрч, эмнэлэгт эмчлүүлж буйг өчигдөр тус улсын эх сурвалжууд мэдээлжээ.

Буданов нь Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг дайныг удирдан чиглүүлж буй гол хүмүүсийн нэг юм.

Түүний эхнэр Марианна Буданова одоо Киев хотын захирагч Виталий Кличкогийн зөвлөхөөр ажилладаг.

“Тиймээ. Би энэ мэдээллийг баталж байна. Харамсалтай нь энэ үнэн” гэж ГУР-ын хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Тус байгууллагын өөр хэд хэдэн ажилтнаас бас хордлогын шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрсэн юм байна.

Украины эрх баригчид үүнийг Оросын зүгээс явуулсан ажиллагаа гэж үзэж байгаа ажээ. “Командлагчид шууд халдах боломжгүй тул эхнэрийг нь хордуулсан гэж бид үзэж байна” гэж Юсов тайлбарласан байна.

Будановагийн биеэс мөнгөн ус, хүнцэл зэрэг маш хортой хүнд металлууд илэрсэн гэнэ.

Украины дайн эхэлснээс хойш Оросын төв хэвлэлүүдийн  хамгийн их үзэн яддаг хүмүүсийн нэг 37 настай Кирило Буданов болоод байгаа.

Өнгөрсөн хугацаанд түүний амийг хорлох хэд хэдэн оролдлого гарч байсан гэдэг. Хэрвээ түүний эхнэрийг Оросын тал хордуулсан нь батлагдвал 21 сар үргэлжилж буй дайны турш Украины хамгийн өндөр албан тушаалтан хүний гэр бүлийн гишүүн халдлагад өртсөн тохиолдол болох юм.

Украины хэвлэлүүдийн мэдээлснээр Будановаг хоол хүнсээр нь дамжуулан хордуулсан байх өндөр магадлалтай гэнэ.

Энэ оны дөрөвдүгээр сард Москва хотын шүүх Кирило Будановыг терроризмын хэргээр баривчлах шийдвэр гаргаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters