Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

ШҮҮР: ХАСХОМ-ээ гаргаж өгөөгүй, худал мэдээлсэн 30 албан тушаалтанд хариуцлага тооцжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигатай тэмцэх газраас шүүр ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн танилцууллаа. 

Тэрбээр "Улсын хэмжээнд 2023 онд 49.7 мянган албан тушаалтны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хожимдуулсан тус бүр нэг иргэн байв.

223 албан тушаалтны ХАСХОМ-т хяналт шалгалт явуулахад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нийт 25 албан тушаалтныг мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүллээ. 

Мөн ХАСХОМ-ээ гаргаж өгөөгүй, худал мэдээлсэн 30 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Өөрөөр хэлбэл

  • хоёр хүнийг албан тушаалаас нь халах,
  • 14 хүний албан тушаалыг бууруулах,
  • найман албан тушаалтны цалингийн хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулах,
  • зургаан балбан тушаалтанд сануулах хариуцлага тооцуулсан байна. 

Мөн холбогдох татвар хураамжаа төлсөн, зайлсхийсэн эсэхэд хяналт шалгалт хийж дөрвөн албан тушаалтны мэдээллийг татварын ерөнхий газарт явуулсан. 

Татварын хяналт шалгалтын явцад дээрх албан тушаалтнууд нь 8.4 тэрбум төгрөгийн татварын зөрчилтэй болох нь илэрсэн. Ингээд 633 сая тэрбум төгрөгийн нөхөн төлбөр алданги тооцуулсан байдалтай байна. 

Манай хэлтэс хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж хариу хүргүүлдэг. Уг хяналтаар 14.7 мянган албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж хариу ирүүлснээс 20 нэр дэвшигч нь илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа. 642 нэр дэвшигч холбогдох хуулийг зөрчихөөр байгаа учраас анхааруулж хариу өгсөн. 

Хуульд зааснаар томилохын өмнө хувийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан эсэхэд нь дүн шинжилгээ хийдэг. Урьдчилсан мэдүүлгийг хяналгүйгээр тухайн албан тушаалтныг томилсон тохиолдолд тухайн томилсон хүнд нь хариуцлага тооцдог болсон. Үүнд дүн шинжилгээ хийхэд 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулаагүй нь тогтоогдсон учир хуульд заасан арга хэмжээг нь авсан. 

Мөн авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн 14 этгээд төрийн жинхэнэ албанд ажиллаж байсныг тогтоож, хуулийн хэрэгжилтийг хянуулахаар холбогдох албан хүргүүлсэн байна.

Иргэдээс төрийн байгууллагуудын хүнд сурталтай холбоотой санал их ирдэг. Тиймээс тандалт хийх үүднээс товш аппликэйшн нэвтрүүлсэн. Ингэснээр тухайн төрийн байгууллагын хүнд сурталтай холбоотой иргэний санал бүртгэгдэнэ. Дараа нь тухайн хүнд суртал гаргасан байгууллагын удирдах албан тушаалтан нь шууд харах боломжтой" хэмээн ярилаа.