Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Израиль улс Газын зурвасыг “эзлэх, захирах төлөвлөгөөгүй” гэв

Т.Давааням, ikon.mn
2023 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр АНУ-ын Fox News сувагт Палестины газар нутаг Газын зурвасын ирээдүйн талаар ярьжээ.

Тэрбээр гал зогсоох нь Хамаст бууж өгснөөс ялгаагүй үйлдэл гээд Израилийн арми Газын зурваст үүргээ маш сайн гүйцэтгэж байгааг энэ үеэр хэлсэн байна.

Гэхдээ байлдааны ажиллагаанд нь цаг хугацааны хязгаар байхгүйг бас мэдэгджээ. “Хэр урт хугацаа шаардагдахаас үл хамааран бид байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэж Нетаньяху ярьсан байна.

Аравдугаар сарын 7-ны өдөр Газын зурвасыг хянадаг Палестины Хамас зэвсэгт байгууллага Израилийн нутаг дэвсгэрт гэнэдүүлэн халдахдаа 1,400 гаруй хүний амийг хөнөөж, 240 орчим хүнийг барьцаалсан билээ.

Тэр үеэс хойш Израилийн арми Хамас байгууллагыг бүрмөсөн устгах зорилготой байлдааны ажиллагааг Газын зурваст явуулж байгаа.

Энэ ажиллагааны үеэр алагдсан палестин хүний тоо 10,800 даваад байна.

“Бид Газыг захирах зорилгогүй. Бид энэ газар нутгийг эзлэх зорилгогүй байна. Харин бид энд илүү сайхан ирээдүйг байгуулах зорилготой” гэж Нетаньяху цаашдын алхмын талаар ярьжээ.

Түүний бодлоор ядуу, хаалттай энэ бүс нутгийг “зэр зэвсэг, радикал үзлээс цэвэрлэсний дараа дахин сэргээн босгох ёстой” гэнэ.

“Бид энд засаглах иргэний засгийн газрыг олох болно. Израилийн арми алуурчдыг алахын тулд Газад дахин нэвтрэх, эсвэл байнга байрлахад бэлэн. Ингэх нь Хамас шиг байгууллага дахин өндийхөөс сэргийлэх ач холбогдолтой” гэж Нетаньяху тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл Израиль улс Газын зурвасыг засаглах төлөвлөгөөгүй ч аюулгүй байдлыг нь хангах үүргийг хүлээхэд бэлэн байгааг тэр ингэж илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
15 | 12 | 10 цаг