Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ганибал: Манай эмч нар чадвартай. Гадагш алдсан мэргэжилтнүүдээ татахад сангийнхаа мөнгийг зарцуулбал илүү үр дүнтэй

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 11 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. 

Энэ үеэр Эрүүл мэндийг дэмжих сангийн зарцуулалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Ганибал байр сууриа хуваалцлаа.

Тэрбээр "Эрүүл мэндийг дэмжих сангийн зарцуулалтад нэг зүйлийг анхаарах хэрэгтэй байна. Манай улсын эмч, сувилагч нар чадвартай. Харамсалтай нь чадвартай, чадалтай боловсон хүчнүүдээ бид гадагш алдаад, том урсгал явуулчихлаа. Эдгээр мэргэжилтнүүдээ татаж авах тал дээр сангийнхаа мөнгийг зарцуулбал илүү үр дүнтэй болов уу гэж боддог. 

Манай гэр бүлийнхэн бүгд Монголдоо эмчлүүлдэг. Эрт илрүүлэг оношилгоонд байнга ордог. Манай аав одоо 90 нас хүрч байна. 90 нас хүртлээ Монголынхоо эмч нараар эмчлүүлж, энэ хүмүүсийн хүчинд 90 хүрлээ гэж би ойлгодог. Ганц нэг удаа гадаадад очиж, эргэлзээгээ тайлах байдлаар үзүүлж байсан. Гэхдээ яг л манай эмч нарын хэлдэг оношийг хэлдэг.

Гэмтлийн эмнэлэг дээр түлэнхийн төвийг зассан байна. Маш сайхан үйлчилгээтэй болжээ. Залуучууд яасан их чадалтай болсон юм. Их шуурхай, зөв үйлчилгээтэй болсон байна. Хувийн эмнэлгүүд баригдсан бол боловсон хүчинд нь анхаарах хэрэгтэй. Улсын эмнэлэгт чадалтай эмч нар байгаа ч орчин нь муу байна. Эдгээрт анхаарч чадвал Монгол Улсад эрүүл мэндийн салбар илүү хөгжинө. 

Бид өнөөдөр байгаа боломжоо ашиглаж, орчныг нь сайжруулж, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлмээр байна. Боловсон хүчнүүдийнхээ гадагш явж байгаа урсгалыг болиулж, магадгүй гадаадаас эмч нар татаж оруулах тал дээр ажиллах хэрэгтэй. Гадаад руу явж эмчлүүлэх хүмүүст мөнгө өгвөл манай төсөв ч дийлэхгүй учраас болгоомжтой ажиллах хэрэгтэй. 

Түүнчлэн манай улсад цусны өвчин анхаарал татаж байгаа ба энэ чиглэлийн боловсон хүчин, технологийн хүчин чадал хоцрогдсон байна. Сахарын өвчин чимээгүй тахал боллоо" гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/691101869645180