Ш.Ариунаа: Ажилтныхаа ар гэр, амьдралын тэнцвэрийг хангаж чаддаггүй бол бизнес эрхлэгч та ХҮҮХДИЙН ЭРХ зөрчиж байна
Хүний эрхийн форумаас "Бизнес ба хүний эрхийн харилцан хамаарал: Бизнес ба хүний эрхийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт ямар байна вэ?" сэдэвт хэвлэлийн бага хурлыг Монгол Ньюс төвд өнөөдөр зохион байгууллаа.
Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа "Хуучин ойлголтоор ажлын байрыг объектив буюу байшин, агааржуулалт, гэрэлтүүлэг гэж хардаг байсан. Харин одоо субъектив буюу биет бус орон зай, хамт олны уур амьсгал, сэтгэл зүйн байдал нь ажлын байрны орчинд бий болдог болсон.
Хөдөлмөрийн тухай хуульд үүнийг тусгаж өгсөн байдаг. Харин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нарийвчилж, стандартаа шинэчлэх шаардлагатай байгаа.
Бизнес ба хүний эрхийн зарчмын хоёр дахь хэсэг ажил олгогч, бизнес эрхлэгчдэд ханддаг. Таны бизнесийн үйл ажиллагаа бүтэмжтэй байгаа тэр бүх процессод хөдөлмөрлөх эрхийг хүндэтгээч ээ. Бизнесийн байгууллагууд хүүхдийн эрхийг хамгийн их зөрчиж байна.
Манай компанийн гаргаж буй бүтээгдэхүүн хүүхдүүдэд огт хамааралгүй гэж зарим байгууллагын төлөөлөл хэлдэг. Хүүхдийн эрх зөрчигдөх асуудал яагаад бидэнд хамаатай юм бэ? гэж асуух нь бий.
Та ажилтныхаа ар гэр, амьдралын тэнцвэрийг нь хангаж чаддаггүй бол таны ажилтны хүүхэд үл хайхрагдаж, эрх нь зөрчигдөж байна гэсэн үг.
Энгийн асуулт асууя. Та хоногт хоёр цаг хүүхдийнхээ нүд рүү нь хараад анхааралтай ярилцаж чадаж байна уу? Энэ асуултад дийлэнх ажилчид унадаг.
Гуравдагч дарамт нь байгууллагуудын элдэв янзын тэмдэглэлт өдөр, баяр наадам нь ажилтны тань гэртээ зарцуулах цагийг авч байна. Эргээд энэ нь маш их дарамт, хүчирхийллийг бий болгож буй.
Хүний эрхээс ангид бизнес гэж огт байхгүй. Тэгвэл бизнесийн байгууллагуудад ямар ашигтай вэ. Та бизнесийн орчиндоо хүний эрхийг хүндэлж дээдэлснээр олон улсад гарах боломж нээгдэнэ, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, тендерт ороход тань давуу оноо болно.
Одоо шинэ цаг үеийн ажилчидтай хүний эрхийг хүндэтгэхгүй, үнэт зүйл, үзэл санаагаар нэгдэхгүй байвал танд ажилтан олдохгүй.
Хэдийгээр хөдөлмөрийн тухай хуульд ар гэр, ажил амьдралын тэнцвэрийг хангана, хүүхдийн эрхийг зөрчихгүй байх бодлоготой байна гэж тусгасан ч бодит амьдралд хэрэгжиж байна уу. Энэ тухай бизнес ба хүний эрхийн төлөвлөгөөнд тодорхой туссан" гэлээ.
"Барилгын салбарт илүү цагийн хөлсийг огт тооцдоггүй"
Тэрбээр үргэлжлүүлэн "НҮБ-ын гаргасан бизнес ба хүний эрхийн зарчим хэмээх олон улсын удирдах зарчимд Монгол Улс нэгдэн орсон. Үүнийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх чиглэлд ажлын хэсэг байгуулагдаж байсан.
Уг ажлын хэсэг бизнес ба хүний эрхийн төлөвлөгөөг гаргахын өмнө хэд хэдэн судалгааг хийсэн байдаг.
Судалгаа хийж, санал авч, 23 удаагийн хэлэлцүүлэг, гурван удаагийн зөвлөгөөн зохион байгуулахад дараах нөхцөл байдал түгээмэл ажиглагдлаа. Эдийн засгийн эрх, хөдөлмөрлөх эрх маш их зөрчигдөж байна. Ялангуяа хүүхдийн эрх илүү их зөрчигдөж байгаа юм.
Зөрчигдсөн эрхээ сэргээх, хохирлоо төлүүлэх механизм маш сул байгаа нь харагдаж буй.
Манай байгууллага дотроо хөдөлмөрлөх эрхтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Бид өнгөрсөн хугацаанд барилгын салбарт хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн судалгааг зохион байгуулсан. Та бүхэн дараах хоёр судалгааны үр дүнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна.
Жишээлбэл
- Барилгын салбарт илүү цагийн хөлсийг огт тооцохгүй байна хэмээн судалгаанд оролцогчдын 70 хувь нь хариулсан.
- Барилгын салбар цалин хөлсөө хугацаанд нь өгдөггүй гэж судалгаанд хамрагдсан иргэдийн 80-90 хувь хариулсан.
- Ажил, амьдралын цагийг зохицуулдаггүй, ажлын байран дээр тодорхойлогдсон ажил, үүргээс илүү ажил хийлгэдэг дарамт өндөр хувьтай байна.
- Ажилтан өөр хоорондоо болоод ажилтан, удирдлага нэг нэгнийгээ хэл амаар доромжилж, ажлын байрны дарамт үзүүлэх нөхцөл байдал өндөр байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажлын байрны дарамт, жендэрийн хэрэгжилт хэрхэн явагдаж байгааг судалсан.
Судалгааны үр дүнгээс харвал
- Энэ салбарт дийлэнх ажлын байрны дарамт гуравдагч этгээд буюу үйлчлүүлэгчдээс ирж байна гэж хариуллаа. Энэ нь нийгмийн стресстэй холбоотой байж болно.
- Төрийн байгууллагын ажилчдыг өргөдөл, гомдлыг нь шийдвэрлэж өгсөнгүй гэж элдэв янзаар доромжилдог. Машин тэрэг зэрэг хувийн өмч хөрөнгөнд нь халддаг тохиолдлууд илэрч байсан.
Энэ мэтчилэн хөдөлмөрлөх эрхийн зөрчил өргөн хүрээнд илэрч байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
