Японы Fujitsu компанийн ерөнхийлөгч “эмэгтэйчүүдтэй холбоотой зохисгүй үйлдэл”-ийнхээ төлөө огцров

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Японы мэдээллийн технологийн Fujitsu компанийн ерөнхийлөгч “эмэгтэйчүүдтэй холбоотой зохисгүй үйлдэл”-ийнхээ төлөө албан тушаалаасаа огцорч буйг өчигдөр тус компани зарлажээ.

Хиденори Фурута энэ албан тушаалд хоёр жилийн өмнө томилогдож байсан юм.

“Захирлуудын зөвлөл түүний зохисгүй үйлдлийн талаар мэдсэний дараа ноён Фурута зургаадугаар сарын 16-наас эхлэн албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан” гэж компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Түүнийг ямар асуудалд оролцсоныг компани нууцалж байна.

Энэ бол Fujitsu компанитай холбоотой ээлжит дуулиан юм.

Өмнө нь тус компани Их Британийн шуудангийн газарт алдаатай программ хангамж нийлүүлсний улмаас хэдэн мянган ажилтан хөрөнгө завшсан хэрэгт хилсээр гүтгэгдэж, 900 орчим нь нягтлан бодох бүртгэлийн луйврын хэрэгт буруутгагдаж байв.

Fujitsu өөрийн шуудангийн систем Horizon нь алдаатай байсныг бүр 1990-ээд оноос хойш мэдэж байснаа хүлээн зөвшөөрч, хэлмэгдсэн ажилтнуудын хохирлыг барагдуулах асуудлаар Их Британийн засгийн газартай яриа хэлэлцээ явуулж байгаа юм.

Их Британийн засгийн газар хохирогчдын нөхөн төлбөрт татвар төлөгчдийн 1.5 тэрбум фунт стерлингийг зарцуулаад байгаа ба Fujitsu энэ мөнгийг хэрхэн хуваалцах талаар хэлэлцэж байгаа.

Фурута нь Японы хамгийн том мэдээллийн технологийн үйлчилгээний компанид янз бүрийн өндөр албан тушаалууд хашиж байгаад 2024 онд ерөнхийлөгчөөр нь томилогдсон юм.

Сүүлийн жилүүдэд Японы хэд хэдэн том компанийн захирал эмэгтэйчүүдтэй зохисгүй харьцсан шалтгаанаар албан тушаалаа алдаад байна.

Тухайлбал автомашин үйлдвэрлэгч Honda компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Шинжи Аояма жилийн өмнө ажлын бус цагаар болсон олон нийтийн арга хэмжээний үеэр ийм хэрэг өдүүлсэн шалтгаанаар огцорч байв.

Японы хамгийн том газрын тос боловсруулагч Eneos компанийн ерөнхийлөгч Такеши Сайто мөн олон нийтийн арга хэмжээн дээр ууж согтуурсан үедээ эмэгтэй хүнтэй зохисгүй харьцсан шалтгаанаар 2023 онд огцорсон юм.

 

Эх сурвалж: AFP