Украин, Оросын цэргүүд 1,200 км урт фронтын шугамд хүч тарамдсан тул тулаан мухардлаас гарахгүй байна гэв
Украин, Оросын цэргүүд урт фронтын шугамд тарж байрласнаас хүч тарамдаж, тулаанд ямар нэг том өөрчлөлт гаргаж чадахгүй байгаа гэж Их Британийн тагнуулын алба Баасан гарагийн тайландаа дүгнэсэн байна.
Фронтын шугамын уртыг 1,200 км орчим гэж тооцоолжээ.
Сүүлийн үед өмнөд фронт дээр Украины зэвсэгт хүчин харьцангуй тогтвортой байгаа бол дорнод фронтын гол цэг Авдеевка хотын орчимд маш ширүүн тулаан болж, Оросын тал Украины хориглолтыг эвдэхийн тулд их хохирол амсаж байгааг дээрх тайланд дурдсан байна.
Украины зэвсэгт хүчний командлагч Валерий Залужный саяхан “The Economist” сэтгүүлд дээрхтэй ижил утгатай дүгнэлт нийтлүүлсэн юм.
Украины арми энэ оны зургаадугаар сард Оросын эзлэн түрэмгийлэгчдийг нутаг дэвсгэрээсээ хөөн гаргах сөрөг давшилтыг эхлүүлсэн ч дорвитой том ахиц дэвшил гаргаагүй байгаа.
Их Британийн тагнуулын албаны ээлжит тайланд одоогийн мухардалд талуудын агаараас хамгаалах систем гол нөлөө үзүүлж буйг тайлбарласан байна.
“Хоёр тал агаарын довтолгооноос хамгаалах найдвартай системээ хадгалснаар байлдааны нисэх онгоцнууд довтолгоонд үр дүнтэй дэмжлэг үзүүлж чадахгүй байна” гэж үүнд дүгнэжээ.
Залужный ч бас нийтлэлдээ “Хуурай газрын томоохон ажиллагаанд тэнгэрийг хянах нь зайлшгүй шаардлагатай” гэж бичсэн юм.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
