Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Апостиль гэрчилгээгээр баталгаажсан Монгол Улсын албан ёсны баримт бичгийг Хятадад шууд ашиглах боломж бүрджээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

БНХАУ нь“Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц” буюу Апостилийн конвенцод 2023 оны гуравдугаар сарын 8-ны өдөр нэгдэн орсон бөгөөд уг конвенцийн холбогдох зохицуулалтыг 2023 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс Хятад улс мөрдөж эхлэхээр болов. Энэхүү зохицуулалт нь Хонконг болон Макаогийн Засаг Захиргааны Онцгой Бүсэд мөн адил хэрэгжинэ.

Ингэснээр ГХЯ-ны Консулын газраас олгосон апостиль гэрчилгээгээр баталгаажсан Монгол Улсын албан ёсны баримт бичгийг Хятад улс хүлээн зөвшөөрч, шууд ашиглах боломж бүрдэж байна.

Өмнө нь БНХАУ-д ашиглах манай улсын албан ёсны баримт бичгийг ГХЯ-ны Консулын газарт хандан баталгаажуулсны дараагаар заавал БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хандан давхар баталгаажуулах шаардлагатай байсан юм.

Хятад улсын албан ёсны баримт бичгийн хувьд мөн дээрхийн нэгэн адил зарчмаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газарт эсвэл холбогдох орон нутгийн Ардын засгийн газраас олгосон апостиль гэрчилгээгээр баталгаажсан тохиолдолд Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөнө.

Монгол Улсын Апостиль гэрчилгээ авахтай холбоотой болон тавигдах шаардлагын талаар мэдээллийг https://consul.mn/services/6,

БНХАУ-ын Апостиль гэрчилгээ авахтай холбоотой болон тавигдах шаардлагын талаарх мэдээллийг http://cs.mfa.gov.cn/zggmcg/fjzms/ цахим хуудаснаас тус тус авна уу.

 

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам