ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ цөмийн зэвсгийн довтолгоонд хариу цохилт өгөх сургуулилалт гүйцэтгэжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ өчигдөр цөмийн зэвсгээр хариу цохилт өгөх томоохон сургуулилалт зохион байгуулж, ерөнхийлөгч Владимир Путин үйл явцыг ажигласан тухай Кремлийн ордноос мэдээлжээ.

Оросын эрх баригчид саяхан цөмийн зэвсгийн туршилтыг хориглох чухал гэрээнээс гарах алхам хийсэн юм.

Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш Путин болон бусад өндөр албаны хүмүүс цөмийн зэвсэг ашиглах боломжийн талаар олон удаа Өрнөдийнхөнд анхааруулж байсан.

Өчигдөр Оросын төв телевиз батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн Валерий Герасимов нар видео холбоогоор Путинд сургуулилалтын талаар тайлагнаж буйг харуулжээ.

“Нөхөр дээд ерөнхий командлагч, ОХУ-ын зэвсэгт хүчнийг удирдах сургуулилалт явагдаж байна. Энэ үеэр дайсны цөмийн цохилтын хариуд стратегийн довтолгооны хүчээр томоохон цохилт өгөх даалгаврыг хэрэгжүүлэх болно” гэж Шойгу энэ үеэр хэлж байв.

Үүний дараа Кремлийн хэвлэлийн алба Оросын алс дорнодын бүс нутагт байрлаж буй бай руу хоёр ширхэг баллистик пуужин харвасан тухай мэдээлжээ.

“ОХУ-ын зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч Владимир Путиний удирдлага дор цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх хүчний хуурай газар, далай, агаарын бүрэлдэхүүн хэсгүүдийг оролцуулсан сургуулилалтыг гүйцэтгэлээ” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Хоёр баллистик пуужингийн нэгийг Оросын умард хязгаарын Плесецкийн сансрын буудлаас, нөгөөг нь Баренцын тэнгис дэх цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлгөөс харвасан гэж мэдээлжээ.

Сургуулилалтад бас алсын нислэгийн Ту-95М байлдааны онгоцнууд оролцсон байна.

Уг үйл явдлаас хэдхэн цагийн өмнө Москвагийн эрх баригчид Цөмийн Зэвсгийн Туршилтыг Бүрэн Хориглох тухай гэрээнээс гарах эхний алхмаа хийсэн юм.

Тухайлбал өчигдөр өглөө Оросын парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөл гэрээнээс гарах тогтоолыг хэлэлцэж, дэмжсэн байна.

1996 онд байгуулагдсан Цөмийн Зэвсгийн Туршилтыг Бүрэн Хориглох гэрээнд бүх төрлийн цөмийн зэвсгийн туршилтыг хориглодог. Гэхдээ уг гэрээнд АНУ, Хятад зэрэг цөмийн зэвсэгтэй гол гүрнүүд нэгдээгүй байдаг юм.

Одоо Путин гарын үсэг зурж баталсан тохиолдолд Орос улс энэ гэрээнээс албан ёсоор гарахаар болж байна.

Энэ сарын эхээр Путин “Орос улс цөмийн зэвсэг турших шаардлагатай эсэхийг хэлэхэд бэлэн биш байна” гэж ярьж байжээ.

Орос, Америк улсууд харилцан нэг нэгнийхээ цөмийн зэвсгийн байгууламжуудыг тогтмол шалгаж, тоо хэмжээг нь хянаж, хязгаарлах “New Start” нэртэй гэрээг байгуулсан байдаг. Украины дайнтай холбоотой маргааны улмаас Орос улс энэ гэрээгээ өнгөрсөн хоёрдугаар сард цуцалсан юм.

Өчигдөр АНУ-ын засаг захиргаа уг гэрээг сэргээн байгуулах саналыг ОХУ-ын талд тавьсан байна.

ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков саналыг хүлээж авсан ч одоогоор яриа хэлэлцээ эхлүүлэх бодолгүй байгаагаа хэвлэлд ярьжээ.

“АНУ стратегийн тогтвортой байдал, зэвсгийн хяналтын талаар системтэй яриа хэлэлцээ эхлүүлэхийг санал болгож байна. Гэхдээ бид үүнд бэлэн биш байна. Тус улсын Орос руу чиглэсэн гүн гүнзгий дайсагнасан хандлагыг өөрчлөхгүйгээр стратегийн тогтвортой байдлын тухай яриа хэлэлцээг эхлүүлэх, тэр дундаа “New Start” гэрээнд дахин нэгдэх боломжгүй юм” гэж тэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: AFP