Орхоны хөндийд байгуулах шинэ хотын суурьшлын "Шинэ Хархорум" төслийн үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Тус хурлаар "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас хэрэгжүүлсэн ажлын явц, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын магадлалын ерөнхий дүгнэлт, судалгааны талбайд хийгдсэн гидрогеологийн хайгуул судалгааны ажлын талаарх мэдээлэл, хотын мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний төлөвлөлт зэрэг асуудлыг хэлэлцлээ.
"Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун "Өнгөрсөн жил Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Хот төлөвлөлт судалгааны институт Орхоны хөндийн аль байршил дээр шинэ хот байвал зүгээр вэ гэх судалгааны ажлыг хийгээд дууссан байгаа.
Энэ зун тухайн байршил дээр инженер геологийн нарийвчилсан судалгаа, зураглалын ажил хийх тендер зарлагдсан. Урьдчилсан концепцыг боловсруулаад салбарын эрдэмтэд, олон улсын архитектурчид, хот төлөвлөгч нарыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж санал авч байна" гэв.
Түүнчлэн тус захиргаанаас шинэ хот байгуулах байршил буюу Архангай, Өвөрхангай аймгийн иргэн, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж санал авах ажлыг зохион байгуулж байгаа юм байна.
Мөн хот байгуулах хоёр аймгийн нутгийн 189,000 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар ажиллаж байна. Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарсан байгаа. Архангай аймгийнх удахгүй гарна. Журмаараа Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар Засгийн Газрын хуралдаанд оролцуулж шийдвэрлэнэ гэдгийг "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас мэдээллээ.
Аймгийн нэр | Нийт газар нутаг /Га/ | Тусгай хэрэгцээнд авах газар /Га/ | Аймгийн газар нутагт эзлэх хувь /%/ |
---|---|---|---|
Архангай |
5,527,299,4 | 133,692,7 | 2.4% |
Өвөрхангай | 6,287,815,3 | 55,670,3 | 0.9% |
Нийт | 16,688,414,7 | 189,363,0 |
Шинэ Хархорум хот нь дараах үндсэн таван чиглэлийн хүрээнд хөгжих аж. /Тус бүрийн дэлгэрэнгүйг дээр нь дарж харна уу/
Орхоны хөндийд эртний таван хотын туурь байдаг учраас аялал жуулчлал дээр суурилна. Ашигт малтмалын орд байхгүй учраас ажлын байр бий болгох үүднээс өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зохимжтой гэж үзэж байгаа учир дээрх хөгжлийн таван чиглэлийг боловсруулсан аж.
Мөн эртний Хархорум хот нь олон үндэстэн нэг дор оршиж байсан учир тус түүхийг сэргээх агуулга байна. Түүнчлэн эрүүл мэндийн орчин үеийн үзлэг оношилгооны төвийг бий болгох чиглэлтэй байгаа юм байна.
189,000 га талбайд 500,000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн шинэ Хархорум хотын төлөвлөлтийн талбайн 50% нь ногоон байгууламж, 30% нь барилгажих талбай, 20% нь авто зам байх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!