Та бидний мэддэг гар утасны сүлжээ энгийн мэт боловч хүн төрөлхтөнд төсөөлшгүй их боломжийг авчирсаар. Уг сүлжээний технологийн ололт нийгмийн бүхий л салбарт нөлөөлж, хэдэн сая ажлын байр бий болгож, амьдралын хэв маягийг өөрчилж, цоо шинэ ертөнцийг бүтээжээ. Тэгвэл уг сүлжээний дараагийн үе болох 5G бидэнд ямар ертөнцийг авчрах вэ?
Шотландын физикч Жеймс Клерк Максвелл 1860 онд цахилгаан соронзон орны онолыг боловсруулж, 1880-аад оны үед Германы физикч Генрих Герц радио цахилгаан соронзон давтамж оршин байдаг, тэдгээрийг илгээж мөн хүлээн авах боломжтой гэдгийг баталж байв. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд нүдэнд үл үзэгдэх тэрхүү “замыг” ашиглан мэдээлэл тээвэрлэж болно гэсэн сэдэл өгсөн, шинэ ертөнцийг нээж өгсөн анхны үйл явдал байсан юм.
Ийнхүү хэдэн арваны туршид уг технологи улам боловсронгуй болсоор 1940-өөд оны үед 1G буюу утасгүй харилцаа холбооны эхний хувилбарыг туршив. Түүнээс хойш мэдээлэл дамжуулах хурд, хүчин чадал, аюулгүй байдал зэрэг үзүүлэлтүүд хувьсан өөрчлөгдсөөр өдгөө бид LTE буюу 4G сүлжээтэй золгоод байгаа билээ.
Тэгвэл утасгүй сүлжээний шинэ үе болох 5G технологийн хүчин чадлыг 4G-тэй харьцуулъя.
2019 дөрөвдүгээр сард SK Telecom, KT, LG Uplus гэсэн үүрэн холбооны компаниуд 5G сүлжээгээ асааснаар энэ сүлжээг нээлттэй ашиглах болсон дэлхийн анхны улсаар Өмнөд Солонгос тодорсон юм. Түүнээс хэдхэн цагийн дараа АНУ-ын Verizon 5G сүлжээний станцаа асаав. Түүнчлэн 2020 оны тавдугаар сард Тайландын AIS, TrueMove H компаниуд 5G сүлжээг хэрэглэгчдэдээ санал болгосноор Зүүн өмнөд Азидаа 5G сүлжээг нэвтрүүлсэн анхны орон болсон билээ. Түүнээс хойш улс орон бүрийн тэргүүлэх үүрэн холбооны компаниуд 5G сүлжээг нэвтрүүлж, энэ оны байдлаар дэлхийн 92 орны, 2497 хотод 5G сүлжээ ажиллаж байна.
Хамгийн олон хотод нь 5G сүлжээ нэвтэрсэн орнууд:
Ингээд харвал өдгөө бид интернэтийг ихэвчлэн хүн хоорондын харилцаандаа ашигласаар ирсэн бол 5G хүн-төхөөрөмж, цаашлаад төхөөрөмж-төхөөрөмж гэсэн харилцааг олон шат ахиулах юм.
Өдгөө дэлхий даяар ухаалаг бугуйн цаг, робот тоос сорогч, хяналтын камер, жолоочгүй автомашин зэргээр интернэт сүлжээнд холбогддог 15 тэрбум төхөөрөмж бий. Энэ тоо 2030 он гэхэд 30 тэрбум болж нэмэгдэнэ. Энэ олон тооны төхөөрөмж хоорондоо харилцаж, өндөр хурд, бага хоцрогдолтой мэдээлэл дамжуулдаг болох нь товчхондоо, та бидний зөвхөн уран зөгнөлт киноноос хардаг технологиуд биеллээ олно гэсэн үг.
5G тусламжтайгаар хүн-төхөөрөмжийн харилцаанд ч гэсэн дэвшил гарах нь дамжиггүй. Жишээлбэл, зайнаас ажиллах соёл дэлгэрсэн энэ үед интернэтийн хүчин чадал нэмэгдсэнээр зөвхөн оффис ажил ч бус нарийн төвөгтэй ажлуудыг ч зайнаас хийх боломжтой болно. Жишээлбэл, 2019 БНХАУ-ын онд Фүжяний анагаах ухааны их сургуулийн эмнэлгээс мэс засалч 50км зайд байх судалгааны төвийн туршилтын амьтанд элэгний хагалгааг амжилттай хийснээр энэ төрөлдөө анхдагч болж байв.
Нийт өрхийн 97,9 нь гар утастай, 80 хувь нь интернэтэд холбогдсон манай улс 5G-ийн өрсөлдөөнд хаана явна вэ?
Интернэт хэрэглээ өндөртэй улсын хувьд мэдээж хурдан, хүчтэй интернэт ашигласнаар олон төрлийн эерэг үр дүн гарна. Гэхдээ 5G сүлжээний нэг том сул тал нь зардал юм. Товчхондоо, өндөр хүчин чадалтай энэхүү сүлжээг бий болгохын тулд өндөр давтамжтай радио долгион үүсгэх шаардлагатай болдог. Харин тэрхүү радио долгион нь аливаа биет зүйлсийг нэвтлэх чадвар муу буюу хүртээмж багатай. Тийм ч учраас тодорхой талбайд 5G сүлжээг бий болгохын тулд 4G сүлжээнээс олон тооны станц барих хэрэгтэй. Энэ нь энгийнээр илүү өндөр зардал гаргана гэсэн үг. Ялангуяа Монгол Улс шиг нийслэл хотоос бусдаар хүн амын нягтшил багатай, нэг хүнд ногдох талбайгаараа дэлхийд тэргүүлдэг улсын хувьд 5G сүлжээ нэвтрүүлнэ гэдэг зардал, хөрөнгө оруулалт ихэд шаардагдах билээ.
Гэхдээ бид дэлхийн хөгжлөөс хоцрох ёстой гэсэн үг огт биш. Үүний баталгаа болсон үйл явдал 2022 онд тохиосон юм. Тодруулбал, 2022 оны наймдугаар сард Юнител групп Монголын анхны 5G сүлжээний туршилтын станцыг Улаанбаатар хотын төв талбайд асаасан түүхтэй. Ингэж монголчууд анх удаа эх орондоо утасгүй сүлжээний хамгийн дэвшилтэт технологи 5G сүлжээг бодитоор турших боломж бүрдсэн юм. Юнител групп туршилтын станцын тоогоо нэмэгдүүлж 2022 ондоо Улаанбаатар хотын 14 байршил болон Дархан, Эрдэнэт хотын төвд тус тус туршилтын станцаа асаав.
Монголын 5G сүлжээний амжилт энэ хүрээд ч зогссонгүй. Юнител групп өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн төвд 5G сүлжээний туршилтын станцаа асаажээ. Юнител группийн 5G сүлжээг турших байршил болон бусад бүх шаардлагатай мэдээллийг ЭНЭ холбоосоор орж авах боломжтой.
Товчхондоо 5G сүлжээ өнөөдөр бидний ашиглаж буй 4G сүлжээнээс дор хаяж 10 дахин илүү хурдан, хүчтэй гэсэн үг. Тэгвэл тийм “мундаг” сүлжээг хэрэглэгч бид өдөр тутамдаа юунд ашиглах бэ? Юүтүб дээрх бичлэгийг 10 дахин хурдан уншууллаа ч гэсэн үзэх хугацаа нь хэвээр, дүрстэй дуудлагын үеэр дүрсний чанар нэмэгдлээ ч гэсэн тэнгэр, газар шиг ялгаа гарахгүй. Тэгвэл 5G сүлжээний ид шидийг хамгийн ихээр хүртэх салбар бол метаверс буюу виртуал ертөнц.
Зөвлөх үйлчилгээний Gartner компаниас 2026 он гэхэд дэлхий дахинаа дөрвөн хүн тутмын нэг нь өдөр бүр нэг цагийг виртуал ертөнц буюу метаверсэд суралцаж, ажиллаж, худалдан авалт хийж өнгөрүүлнэ гэж таамаглажээ.
Цар тахлын үеэр виртуал ертөнц “од” болж, олон нийтийн сүлжээний аварга Facebook хүртэл нэрээ Meta болгон өөрчлөн metaverse буюу виртуал ертөнцийг дараагийн том зүйл хэмээж байв. Гэхдээ уг трэнд хөл хорио дууссаны дараа намжиж, энэ талаар ярих хүний тоо эрс багассан юм. Үүний гол шалтгаан нь технологи тэр дундаа интернэтийн хүчин чадалтай холбоотой.
Хэрэглэгчдэд виртуал ертөнцийг хамгийн таатай мэдрэхийн тулд ойролцоогоор нэг секундэд 1GB-5GB мэдээлэл татаж бас илгээж чаддаг интернэт холболт шаардлагатай. Үүнийг 5G хангаж, виртуал ертөнцийг бүрэн утгаар нь мэдрэх боломжийг бүрдүүлэх юм.
Интернэтийн хурднаас гадна мэдээлэл дамжуулах хурдны хоцрогдол буюу бидний төхөөрөмж дээрээ хийсэн үйлдэл серверт очих хугацаа маш чухал. Одоогийн 4G сүлжээний хоцрогдол 10-50 миллисекунд (1 миллисекунд нь 1 секундийг 1000 хуваасантай тэнцүү) байдаг ч метаверсийг бүрэн утгаар мэдрэхэд 20 миллисекундээс бага байх шаардлага үүсдэг. Харин 5G сүлжээний хоцрогдол 1-5 миллисекунд байна.
Эцэст нь дурдахад, 5G сүлжээ байдаг л нэг гоё, ганган үг хэллэг биш, үнэхээр л та бидний амьдралыг орвонгоор нь өөрчлөх, тэсрэлт хийх технологи юм. Тиймээс энэхүү технологитой эртнээс танилцаж, туршихыг зөвлөж байна.