Танд яагаад дунд оврын жийп автомашин хэрэгтэй вэ?
Автомашин сонгоно гэдэг ойрын 5-10 жил нөхөрлөх “сайн найзаа” сонгож байгаатай адил чухал асуудал. Тэр тусмаа өвөлдөө хотын завгүй замд, зундаа хөдөө хээр бартаат замд явдаг Монголчуудын амьдралын хэв маягт бүрэн нийцэх автомашиныг олж сонгоно гэдэг тийм ч амар даваа биш билээ.
Хотын амьдралд суудлын, жижиг автомашинуудын хувьд зогсоолын олдоц, тав тухаас эхлээд олон давуу талтай ч нүүдэлчин ард түмний хөдөө гадаа амрах, зугаалах, төрсөн нутагтаа очих зэрэг бартаат зам туулах хэрэгцээг төдийлөн сайн хангаж чаддаггүй. Харин эсрэгээрээ бартаат замд ажрахгүй давхидаг offroad “мангасууд” нь өндөрлөгөө сайтай, хол замд найдвартай тэрэг болж чадах ч мэдээж үнийн хувьд харьцангуй уян хатан биш тул худалдан авахад бэрх, авсан ч засвар үйлчилгээ хомс байх гэх мэт асуудлууд тулгардаг.
SUV төрлийн машин гэдэг нь : SUV буюу Sport Utility Vehicle, махчилж орчуулбал “Спорт тоноглолт автомашин” нь яг л нэр шигээ уламжлалт суудлын автомашиныг илүү бат бөх бартаат замын тээврийн хэрэгсэлтэй нэгтгэсэн хувилбар юм.
Энэхүү хосолмол шинж чанар нь хэрэглэгчдэд засмал болон бартаат замын аль алинд явах зориулалттай уян хатан давуу талыг үүсгэдэг бөгөөд спорт болон чөлөөт хэрэгцээнд хоёуланд нь унахад тохирохуйц байдгаараа онцлог аж.
Олон талт хэрэглээ:
Дунд оврын жийпнүүд нь зорчигч болон ачааг хялбархан багтаах зай бүхий интерьертэй тул өдөр тутмын хэрэглээнээс гадна, аяллаар явах, гэр бүлээрээ зугаалахад хамгийн тохиромжтой сонголт болдог. Та өглөө оройдоо автомашин унадаг оффисын ажилтан, хөдөө томилолтоор явдаг мэргэжилтэн, хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг ээж аавын аль нь ч байсан, дунд оврын жийп таны бүхий л хэрэгцээнд нийцэх туршлагыг олгож чаддаг.
Олон талт хэрэглээний аль ч түвшин рүү шилжиж чадах өрсөлдөөний давуу чанарыг та өөр ямар ч ангиллын автомашинаас олж мэдрэхгүй болов уу.
Ачааны зай:
Машины арын хэсэгт хүнсний бүтээгдэхүүн, спортын тоног төхөөрөмж, ачаа тээш, дугуй, чемодан зэрэг хэрэглээний бүхий л ачааг байрлуулахад зориулсан саруулхан орон зай бий. Энэ нь байнгын ачаа тээш авч явах шаардлагатай хүмүүсийн хувьд суудлын жижиг тэрэгний давчуу оройн зайтай харьцуулшгүй том давуу тал юм.
Зорчигчийн тав тух:
Дунд оврын жийп автомашинуудын өндөр суудал, хөл жийх эзлэхүүн нь жолооч болон зорчигчдын тав тухыг нэмэгдүүлдэг. Суудлын өндөр байрлал нь замаа илүү сайн харж, аюулгүй жолоодох боломжийг олгох бөгөөд жолоодлогын үед осол аваарын эрсдэлийг бууруулдаг. Загвар, төрлөөсөө хамаарч дотоод засал нь арьсан бүрээс, мод эсвэл металл чимэглэл бүхий өндөр чанарын материалаар хийгддэг. Мөн хурдлах үед бараг л чимээ гардаггүй учир жолоочийг ядраахгүй. Гурван бүсийн температурын хяналттай ба бүх зорчигч хүссэн температураа тохируулан зорчих боломжтой байдаг.
Чирэх хүчин чадал:
Хэрэв таны амьдралын хэв маягт хол замд явах өдрүүд бишгүй тохиолддог бол дунд оврын жийпнүүд нь суудлын тэрэгтэй харьцуулахад чирэх хүчин чадал илүү гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Ажил, амралт зугаалгын зориулалтаар тоног төхөөрөмж тээвэрлэх, шавар шалбаагт суусан автомашиныг чирч гаргах шаардлагатай үеүдэд бартаат замын автомашин шиг хүчин чадалтай биш ч төрөл загвараасаа хамаарч чирч болох жингийн хэмжээ тийм ч чамлахаар биш гэдгийг мөн дурдах хэрэгтэй.
Хэлбэр, хэмжээ, овор:
Дунд оврын жийпнүүд нь бартаат замын автомашины овор хэмжээ болон суудлын жижиг тэрэгний авсаархан байдлын хоорондох тэнцвэртэй балансыг хадгалдаг. Иймд хотын амьдралд суудлын автомашинуудтай зэрэгцэхүйц маневрлах чадварыг агуулаад зогсохгүй хөдөө замд бартаат замын автомашинуудаас хол дутахааргүй туулах чадварыг санал болгодог. Иймд хааяадаа хотоос зайдуу гарч зугаалах дуртай боловч том оврын автомашины онцын шаардлагагүй хүмүүс худалдан авахад илүү тохиромжтой.
Цаг агаарын нөхцөл:
Уг ангиллын машинууд нь 4WD, 4 дугуйн хөтлөгч систем болон AWD, бүх дугуйн хөтлөгч системтэй тул цаг агаарын ямар ч нөхцөл эрсдэлгүй даван туулах чадвартайд тооцогддог. Ингэснээр бороо, цастайд засмал болон бартаат замын алинд ч зам дээр хүч алдах эрсдэлээс сэргийлж, аюулгүй хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлдэг байна. Мөн мөргөлдөх үед доргилтыг багасгаж зорчигчдыг хамгаалах шийдэл бүхий материалаар бүтээгддэг бөгөөд дижитал хяналтын самбар, аливаа нөхцөлд туслах анхааруулга өгөх систем, жолоочид харагдахгүй хэсгийг хянах шийдлүүдтэй байдаг.
Түлш зарцуулалт:
Сүүлийн үеийн дунд оврын жийп машинууд нь хэмжээний хувьд жижиг, илүү хөнгөн болж, шатахуун зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлсэн хөдөлгүүр, hybrid эсвэл цахилгаан моторыг санал болгож байна. Ийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар түлшний зарцуулалтыг багасгаснаар эзэмшигчдийн хувьд зардал багатай, эдийн засгийн хувьд хэмнэлттэй амьдралын хэв маягийг бүрдүүлдэг.
Үнэ цэн:
Дунд оврын жийп автомашинууд нь хуучин автомашины зах зээлд эрэлт өндөртэй байдаг тул үнэ цэнээ маш сайн хадгалдаг. Иймд урт хугацаанд өмчлөх хүсэлтэй эзэмшигчдийн хувьд зардал багатай сайн сонголт болдог. Засвар үйлчилгээ элбэг, дэвшилтэт технологийн шийдлүүдийг шингээсэн, аюулгүй байдлыг бүрэн хангасан гэх мэт маш давуу талаараа дунд оврын жийп автомашинууд нь зах зээлд ч үнээ сайн хадгалж чаддаг. Тэр тусмаа Монголын зах зээлд Toyota, Lexus гэх Япон үйлдвэрлэгчдийн дунд оврын жийп машинуудын эрэлт өндөр тул худалдаж аваад 5-10 жил унаад эргээд зарахад харьцангуй бага алдагдал хүлээдэг. Мэдээж марк бүрээсээ хамаараад бага зэргийн ялгаа гарахыг эс тооцвол шүү дээ.
Иймд Монгол шиг эрс тэс уур амьсгалтай, хот хөдөөгийн алинд ч унаж хэрэглэх эрэлт өндөр, хүн амын нягтаршил багатай улсад SUV ангиллын автомашинууд нь жолооч таны хийж болох хамгийн зөв сонголт байж мэдэх юм шүү.
Сэтгүүлч: Ж.Мөнхтуул
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

