ATACMS алсын тусгалтай баллистик пуужингаа АНУ-ын засаг захиргаа Украины зэвсэгт хүчинд нийлүүлсэн нь өчигдөр тодорхой болсон билээ.
Энэхүү зэвсгээр Украины эзлэгдсэн нутгийн гүнд оршдог Оросын агаарын хоёр баазад цохилт өгснөө Киевийн эрх баригчид өчигдөр анх удаа мэдээлсэн юм.
Дээд тал нь 300 км хүртэл зайд цохилт өгөх чадвартай ATACMS пуужингийн 160 км-ээр тусгалыг нь хязгаарласан хувилбарыг АНУ-аас нийлүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Мөн цэнэгт хошуу нь олон зуун жижиг бөмбөг болж задардаг кластер хувилбарыг илгээсэн гэлцэж байгаа.
ATACMS пуужингийн анхны цохилт Украины дайн эхэлснээс хойш Оросын зэвсэгт хүчинд томоохон хохирлуудын нэгийг учруулсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Үүний улмаас Оросын тал байлдааны нисэх онгоцнуудаа фронтын шугамаас холдуулж болзошгүй гэж үзэж байгаа.
Бээжин хотод “Бүс ба зам” санаачилгын дээд хэмжээний чуулганд оролцсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа ATACMS пуужингийн талаар байр сууриа илэрхийлжээ.
“Мэдээж энэ нь бидэнд учруулах аюул заналыг нэмэгдүүлж байгаа. Дайн бол дайн. Гэхдээ бид ийм халдлагуудыг няцааж чадна. Энэ нь мөргөлдөөний одоогийн нөхцөл байдлыг дорвитой өөрчилж чадахгүй. Ингэх боломжгүй. Би үүнийг баттай хэлж чадна” гэж Путин хэлсэн байна.
Тэр бас АНУ ингэснээрээ мөргөлдөөнд улам бүр татагдан орж, алдаа гаргаж байгаа, ATACMS-ийн нийлүүлэлт Украинд тус болохгүй, мөргөлдөөнийг улам сунжруулахаас өөр нэмэргүй болохыг анхааруулжээ.
“Хэрвээ Орос ялагдаж байгаа юм бол яах гэж ATACMS илгээж байгаа юм бэ? Хэрвээ ялж байгаа бол АНУ бүх зэвсгээ буцаах ёстой. Байден санаа амар бялуугаа зооглож суух ёстой. Энд ирээд бидэнтэй цайлж суух ёстой биз дээ. Тэднээс үүнийг асуу. Инээдтэй байна” гэж Путин энэ үеэр хэлсэн байна.
Тэрбээр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үеэр цайлснаа энд дурдсан бололтой.
Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор АНУ-ын тэнгисийн хөлгүүд Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт ирж байрласан. ОХУ энэ үйлдэлд хариу арга хэмжээ авахаар болсныг Путин өчигдөр мэдэгджээ.
АНУ-ын хийсэн алхмын хариуд дуунаас хурдан пуужингаар зэвсэглэсэн Оросын цөөн тооны байлдааны хөлөг Хар тэнгисийн усанд байрлах юм байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!