Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Израиль улс Египетийн талаас Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэхийг зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
2023 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Египетийн хилийн боомтоор Газын зурваст хязгаарлагдмал хэмжээний хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрөх болсноо Израилийн засгийн газар өчигдөр мэдэгдлээ.

Уг шийдвэрийг өчигдөр тус улсад айлчлан очсон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хүсэлтийг үндэслэн гаргажээ.

“Ерөнхийлөгч Жозеф Байдены тавьсан хүсэлтийн дагуу Египетийн талаас Газын зурвасын өмнөд хэсэгт байгаа энгийн иргэдэд хоол хүнс, ундны ус, эм тариа нэвтрүүлэхэд Израиль улс саад хийхгүй байхаар тохирлоо. Барьцаанд байгаа манай хүмүүсийг буцааж өгөөгүй тохиолдолд Израиль улс өөрийн нутаг дэвсгэрээс Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрөхгүй” гэж ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна.

Мэдэгдэлд Газын эмнэлгүүдэд нэн чухал хэрэгтэй байгаа түлш шатахууныг дурдаагүй байна. Бас тусламжийг хэзээ хүргэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Аравдугаар сарын 7-нд Хамас зэвсэгт байгууллагын үйлдсэн халдлагын дараа Израилийн арми Газын зурвасыг бүслэн хааж,  хилийг нь битүүмжлээд байгаа.

Халдлагын үеэр барьцаалагдаж, Газын зурваст хүргэгдсэн 200 орчим иргэнээ буцааж өгөхөөс нааш хүнс, ус, түлш, цахилгаан нийлүүлэхгүйгээ Израилийн тал мэдэгдсэн.

Бас Газын зурвасын өөр нэг гарц болох Египетийн хилийн боомтоор нэвтрэх бүх хөдөлгөөнийг зогсоогоод байгаа.

Өчигдөр Кайр хотод Германы канцлер Олаф Шольцтой уулзсаныхаа дараа Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах аль-Сиси нутаг дэвсгэртээ Палестины дүрвэгчдийг хүлээж авахгүйг эрс шийдэмгий мэдэгдсэн байна.

Хамастай учраа олох хүртлээ Газын зурвасын палестинчуудыг Израиль улс өөрийн газар нутаг болох Негевийн цөл рүү нүүлгэн шилжүүлэх хэрэгтэйг тэр энэ үеэр зөвлөсөн юм.

“Газын зурваст одоо өрнөж буй үйл явдал энгийн иргэдийг Египет рүү дүрвэхэд хүргэж байна. Гэхдээ үүнийг бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Палестины асуудлыг зэвсгийн хүчээр болон палестин хүмүүсийг газар нутгаас нь албадан нүүлгэх замаар шийдвэрлэх аливаа оролдлогыг Египет улс эрс эсэргүүцэх болно. Ингэх нь бүс нутгийн улс орнуудад аюул учруулах хор уршигтай” гэж Сиси хэлжээ.

Хэрвээ Газын зурвасын иргэдийг Синайн хойг руу нүүлгэх ямар нэг оролдлого гарвал Египетийн олон сая иргэн тэмцэлд босохыг тэр бас анхааруулсан байна.

 

Эх сурвалж: The Guardian