Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Самдан: 10 аймгийн дулаан хангамжийн сүлжээг сайжруулах төсөлд А.Бямбадорж бид хоёроос зөвлөгөө авахгүй байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагаанд аюул учирч буй асуудлаар зөвлөх инженер Д.Самдан, А.Бямбадорж нар мэдээлэл өглөө. 

Монголын дулааны шугам сүлжээ тоноглолын зөвлөх инженер Д.Самдан "Манай улс 2015 онд ашиглалтад орсон Амгалангийн дулааны станц шиг таван станцын дутагдалд орлоо. Улаанбаатар хотод төвлөрсөн дулаан хангамжийн системийн 13 дэд станц байгаа. Гэтэл зургаа нь хагас дутуу ажиллаж байна. Энэ нь аюул учирч байгаа гэсэн үг. Жишээлбэл энэ жил 327 барилга байгууламж 160 Гкалл дулаан авах гэж байгаа нь дулаан хангамжийн эх үүсвэрийн дутагдалд орох магадлалтайг харуулж байна. 

10 аймгийн дулаан хангамжийг сайжруулах төсөлд манай улс 400 тэрбум төгрөг гаргана. Үүнд А.Бямбадорж, бид хоёр зөвлөхөөр ажиллах ёстой. Гэтэл биднээс зөвлөгөө авахгүйгээр ажлаа явуулаад эхэлсэн" хэмээн ярилаа. 

зураг
 

Харин Монголын дулааны шугам сүлжээ тоноглолын зөвлөх инженер А.Бямбадорж "1998-2008 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Дулааны хэмнэлт-Дулааны үр ашиг" төслийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргасныг засаж сайжруулах хэрэгтэй байна.

Улаанбаатар хотын дулааны станцын тоног төхөөрөмжүүд 150/70 горимоор угсрагдахаар зураг төсөлд тусгагдсан. Гэтэл дээрх төслийг хэрэгжүүлэхдээ 135/65, хоёрдугаар хэлхээг 95/65 гэсэн горимд шилжүүлсэн. Ингэснээр хуучин ажиллаж байсан үйлдвэрийг ажиллах боломжгүй болгосон. 

Тиймээс ойрын хугацаанд дулаан хангамжийн сүлжээний нэг, хоёрдугаар хэлхээг 130/70 горимд шилжүүлэх шаардлагатай болсон. Дулааны эх үүсвэрийн дутагдалд орж буй энэ нөхцөлд түр зуурын техникийн арга хэмжээг авах ёстой. 

Дулаан хангамжийн сүлжээ, тооцоо температурыг нэмэгдүүлсэн температурын градуст шилжүүлдэг. Үүнийг Ленинград арга гэж нэрлэдэг. Энгийн нөхцөлд дулааны сүлжээг хэмжээнээс нь өндөр барьж явна. Дараа нь хүчин чадал өндөр болоход тогтмол барихаар тооцоолдог. Ингэснээр дулааны шугам сүлжээ нэвтрүүлэх чадвар нэмэгддэг. 

Дулааны шугам сүлжээнд хэрэглээний халуун ус, халаалт, салхивч гэсэн гурван ачаалал байдаг. Хэрэглээний халуун ус нийт ачааллын 30 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж үздэг. Улаанбаатар хот тус стандартдаа нийцдэг. 

Дулааны эх үүсвэр, тооцоот ачаалал хоорондын балансыг нарийн гаргаж асуудлаа шийдэх ёстой. Гэтэл мэргэжлийн газрын гаргаж буй дулааны шугам сүлжээний хүчин чадал, балансын тоо нь хоорондоо зөрж байгаа" гэв.